Ирэх Мягмар гарагт Бээжин хотноо “Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал” болон “Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурал” зэрэг өндөр ач холбогдолтой хоёр том чуулга уулзалт эхлэх гэж байна. Эдгээр чуулга уулзалтад Хятад улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд, элитүүд болон томоохон бизнес эрхлэгчид, технологи, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарын тэргүүлэгчид оролцдог байна.
Эдгээр зэрэгцсэн уулзалтууд нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хаалттай хаалганы цаана ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжилдэг уламжлалтай байна. Уг уулзалтаар Хятад улсын эрх баригчид шинэ хууль тогтоомж, улс төрийн томилгоо, засгийн газрын ажлын тайлан, тухайлбал Сангийн яам, үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг салбаруудын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталдаг юм. Өнгөрсөн жилийн зэрэгцсэн чуулганы үеэр төлөөлөгчид Ши Жиньпинийн бүрэн эрхийн хугацааг гурав дахь удаа хэрэгжүүлэхээр тохиролцож, тус улсын түүхэнд анх удаа нэг удирдагч хоёр үе дамнан төрийн жолоог атгахаар болсон юм.
Харин энэ жил Хятад улсын хууль тогтоогчид эдийн засгийн өсөлт нь удааширч, дефляци, их хэмжээний өр зээл, экспортын уналт зэрэгтэй тэмцэж байгаа тул санхүүгийн тулгамдсан асуудлуудынхаа талаар голлон хэлэлцэх төлөвтэй байна. Мөн дэлхий нийтийн чих тавьж байгаа гол анхаарал татсан үйл явдал бол Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий Ли Чян өнгөрсөн 2023 оны засгийн газрынхаа ололт амжилтыг дүгнэж, 2024 он дамнан хэрэгжүүлэх зорилтуудаа нарийн тодорхойлохоос гадна жилийн ажлын тайлангаа нэгтгэн танилцуулах юм.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 11 гишүүн солигдож, Гадаад хэргийн сайд Чин Ганг, Батлан хамгаалахын сайд Ли Шангфу нар огцорсон байна. Тэгвэл энэ удаагийн хурлаар тус улсын хууль тогтоогчид Гадаад хэргийн сайд болон хэд хэдэн төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг шинээр томилох төлөвтэй байна. Ерөнхийдөө энэ жилийн хурлаар Хятадын төлөөлөгчид эдийн засгийн өсөлтөө дэмжих болон хүн ам зүйн асуудал, худалдааны тэнцвэр зэрэг асуудлыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.