“Хөх сувд” мөсний баярт дотоод, гадаадын 50 мянга орчим жуулчин оролцсон нь түүхэн дээд үзүүлэлт боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хөвсгөл нууранд хөх сувд мөсний баяр зохион байгуулагдлаа. Энэ жилийн мөсний баярт 50 мянга гаруй дотоод, гадаадын жуулчин оролцсон нь тус баяр зохион байгуулагдаж байгаа 22 жилийн түүхэн дэх хамгийн олон хүн цуглажээ. Мөн нутгийн иргэдийг түшиглэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн сайн жишээ болж байгааг баярт оролцсон худалдаа эрхлэгчид, нутгийн иргэд онцолжээ.

Хөвсгөл нуурын мөсөн дээр хоёр өдөр үргэлжилсэн “Хөх сувд” мөсний баярт энэ жил 50 мянга гаруй дотоод, гадаадын жуулчин оролцлоо. Ирсэн жуулчид Хөвсгөл нуурын ойр орчмын онгон дагшин байгалийг тольдохоос гадна Монголчуудын уламжлалт соёлтой танилцах нөгөөтээгүүр нутгийн иргэдэд орлого оруулах болон өвлийн жуулчлалын хамгийн том давуу тал болох экстрим өвлийн спортын олон хэлбэрийг өөрсдийн биеэр турших боломжтой байсан юм.

Энэ жилийн мөсний баярын гол онцлог нь баярт оролцож байгаа дотоод, гадаадын жуулчдад “Хөх баавгай” төслийг танилцуулсан явдал байлаа. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүс нутгийн тогтвортой хөгжлийн зорилтот нийцсэн цаашлаад орон нутгийн иргэдийн эдийн засгийг аялал жуулчлал, брэндээр дамжуулан хөгжүүлэх санаачилга юм байна.

2002 онд анх Хөвсгөл нуурыг олонд таниулж, хамгаалах зорилготойгоор тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Ж.Төмөрсүх 6 морин чаргатайгаар мөсний баярыг зохион байгуулж байжээ. Харин ийнхүү 22 жилийн дараа манай улсын түүхэнд хамгийн олон хүн нэг дор цугларан оролцож байгаа өвлийн аяллын жуулчлалын хамгийн том арга хэмжээ болон өргөжөөд байна.

Манай улсад ирж байгаа жуулчдын 20 орчим хувь нь зөвхөн Хөвсгөл нуурыг зорьдог гэх судалгаа байдаг. Тэгвэл цаашид зөвхөн зуны улиралд бус өвлийн цагт ч жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх мөсний баярыг илүү нягт зохион байгуулалтаар төлөвлөж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн орлогоор улсын эдийн засгийг солонгоруулах боломжтой гэж зохион байгуулагчид онцолж байлаа.