Малчдаас тээвэрлэлтийн ая даахааргүй эцэж турсан малыг 65.000-40.000 төгрөг хүртэл хямдруулан авахаар тохиролцсон байжээ

Хэнтий аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаа тул мах худалдан авах хүсэлтэй компаниудын хүсэлтээр Хөдөө аж ахуйн биржээс худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Ингэхдээ эцэж турж, ядарсан бог малыг тус бүрийг нь 40 мянган төгрөгөөр үнэлэн малчдаас 20 мянган толгой малыг худалдан авахаар төлөвлөж байжээ. Гэвч олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулсан учир худалдан авах үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн тус аймагт махны худалдаа эрхлэгчид үхрийн махыг нэг килограммыг нь мянган төгрөгөөр үнэлэн авч байгаа гэдгийг малчдын төлөөлөл хэлж байна.

Нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс шалтгаалан 3 сая гаруй толгой мал хорогдоод байна. Малчид хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул эцэж ядарсан зарим малаа зах зээлийн ханшаас харьцангуй хямд үнээр борлуулж эхэлжээ.  Хэнтий аймгийн Гал шар суманд нэг хонийг 40 мянган төгрөгөөр мах үйлдвэрлэгч компаниуд худалдан авч байгаа бол махны худалдаачид нэг кг үхрийн махыг 1 мянган төгрөгөөр үнэлэн авч байна. Мах үйлдвэрлэгч компаниуд хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малыг зээлээр авч байгааг малчин хэлж байна. Улмаар орлогын эх үүсвэрээ алдаж өвс тэжээл авах ч мөнгөгүй болсон малчид турж эцсэн малаа хямдаар борлуулахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит компани “Тансан интернейшнл” трейдтэй хамтран өвөлжилт хаваржилт хүндэрсэн аймгуудаас мал худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Нийт 20 мянган толгой мал худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд нийт 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөн 300 сая төгрөгийг тээвэрлэлтийн зардалд зарцуулахаар төлөвлөж байжээ. Ингэхдээ дунджаар нэг хонийг худалдан авахдаа 80 орчим мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 15 мянган төгрөгийг тээвэрлэлтийн зардалд тооцсон байна. Тэгвэл энэхүү асуудал нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан учир одоогоор Галшар сум дахь мал худалдан авах үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.

Мөн худалдан авах ажиллагааны хүрээнд тус байгууллагаас зарим малчидтай тээвэрлэлтийн ая даахааргүй болсон эцэж турсан малыг 65 мянгаас 40 мянган төгрөг хүртэл хямдруулан авахаар тохиролцсон байжээ.