Улаанбаатар хотыг тойрсон 23 хэсэгчилсэн дулааны станц барих судалгааг гаргажээ

Манай улсад эрчим хүчний найдвартай томоохон эх үүсвэр шаардлагатай байгаа. Тэгвэл эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станц ирэх 10-р сард ашиглалтад орохоор байна. Үүнээс гадна хог хаягдлыг шатаан, эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулахаар судалж байна.

Төв аймгийн Баянжаргалан сумд баригдаж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын эхний шатны ажил энэ оны 10-р сард ашиглалтад орно. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мвт эрчим хүч нийлүүлэх юм. Гэсэн ч энэ нь эрчим хүчний салбарын ачааллыг багахан хэмжээгээр л бууруулах тооцоо байгааг салбарынхан хэлж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р шатны ажил нь 2025 онд ашиглалтад орох бөгөөд ингэснээр ахин 150 мвт-ыг нийлүүлэх боломжтой болно. Төслийн эхний хоёр шат хэрэгжсэнээр одоогийн ТЭЦ-3-ын үйлдвэрлэдгээс нэг дахин илүү буюу 300 мвт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм. Гэсэн ч үүнийг ахин өргөтгөх шаардлага байгаа учир төрийн дэмжлэг шаардлагатай болоод байна.

Цахилгаан эрчим хүч дутагдалтай байгаагаас шалтгаалж айл өрхийн асуудал ч хүндэрсээр байгаа юм. Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ч хийж чадахгүй байгаа. Одоогоор Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцуудын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Мөн Улаанбаатар хотыг тойрсон 23 хэсэгчилсэн дулааны станц барих судалгааг гаргаад байгаа талаар мэдээлж байна. Мөн хотын төв хэсгээр нэмж нүүрсний станц барихгүй гэсэн юм.

Түүнчлэн хог хаягдлыг шатааж эрчим хүч гарган авах үйлдвэрийг байгуулахаар судалж байгаа юм байна. Мөн цаашид хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ.

Хог хаягдлаас эрчим хүч гарган авдаг Швед улс нь жилд 2 сая тонн хог хаягдлыг шатаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Шведийн нийт хог хаягдлын 1 хувь нь л хогийн цэг дээр очиж үлдсэн 99 хувийг дахин боловсруулж, эрчим хүч гаргахад ашигладаг байна.