2013 онд БНХАУ-ын батлан хамгаалахын төсөв 720 тэрбум юань байсан бол 2023 онд 1 их наяд 670 тэрбум юань буюу 230 тэрбум америк.долларт хүрээд байна

БНХАУ-ын хууль тогтоогчид батлан хамгаалахын зардлаа 7.2 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн нь Ши Жиньпиний засаглалын үед буюу сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус улсын батлан хамгаалахын төсөв бараг хоёр дахин тэлж байна. Мөн Хятад улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян жил тутмын ажлын тайландаа “Тайванийг эх газартай нэгтгэх үндсэн зорилгоосоо няцахгүй” гэдгээ онцолсон боловч өмнө нь ашиглаж байсан “энх тайван” замаар хэмээх үгийг сонгохоос татгалзсан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийг эх газартай нэгтгэх асуудалд илүү хатуу байр суурь баримтлахаар шийдвэрлэсэн бололтой гэж Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Мягмар гарагт бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлаар батлан хамгаалахын зардлаа энэ онд 7.2 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснээс гадна тус улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чяны Засгийн газрын ажлын тайланд Тайванийг энх тайвнаар эх газартай нэгтгэх талаар огт дурдаагүй байна. Сүүлийн жилүүдэд ардчилсан засаглалтай Тайванийн арлын засаг захиргааны бүс нутагт болон Зүүн Азийн улс орнууд цэрэг армийн тоог нэмэгдүүлж, батлан хамгаалахын төсвөө тэлж байгаа явдал нь хурцадмал хэдийн газар авсныг илтгэж байгаа юм.

2013 онд БНХАУ-ын батлан хамгаалахын төсөв 720 тэрбум юань байсан бол 2023 онд 1 их наяд 670 тэрбум юань буюу 230 тэрбум америк.долларт хүрээд байна. Энэ нь Ши Жиньпинийн засаглалын он жилүүдэд Хятад улсын батлан хамгаалахын төсвийн зардал, эдийн засгийн өсөлтийн хэмжээг хүртэл даваад байгаа юм.

Хятад улс батлан хамгаалахын төсвөө данхайлгаж байгаа шийдвэрийг тэдний хөрш улс орнууд болон АНУ тэргүүтэй Өрнөдийнхөн анхааралтай ажиглаж, Бээжингийн стратегийн зорилго, зэвсэгт хүчний хөгжлөөс болгоомжилж байна.

Түүнчлэн Ши Жиньпин 2035 он гэхэд батлан хамгаалах салбарынхаа техник технологи, зэр зэвсэг, хангамжийг бүрэн шинэчлэх зорилтыг тавиад байгаа юм. Тэрээр хэдий хэмжээний золиос, үнэ төлөх хамаагүй төдийгүй зорилтоо биелүүлэх хүртэл зогсохгүй гэж шинжээчид үзэж байна.