Швейцарийн агаарын чанарын хяналтын “IQAIR” компанийн гаргасан чансаагаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Вьетнамын нийслэл Ханой тодорчээ
Швейцарийн агаарын чанарын хяналтын “IQAIR” компанийн гаргасан чансаагаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Вьетнамын нийслэл Ханой тодорчээ. Өнгөрсөн Даваа гаргийн байдлаар Ханой хотын агаарын чанарын индекс 191-д хүрсэн талаар тус байгууллагаас мэдээлсэн байна.

Агаарын чанарын индексийн үзүүлэлтээр Гана улсын Аккра, Ираны Тегеран хотууд хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэж, сүүл мушгисан байна. Агаарын чанарын индекс 0-50 оноогоор хэмжигдвэл “сайн” үнэлгээ авдаг байна.

2024 он гарсаар өтгөн утаа Ханой хотын гудамжийг бүрхэж үзэгдэх орчин хязгаарлагдаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Цаг агаар хүйтэн, чийглэг, салхи бага байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн болон аж үйлдвэрийн салбарын ялгаруулж байгаа утаа агаарт хуримтлагдаж, бохирдол үүсгэж байна гэж судлаачид үзэж байна.

Дэлхийн банкны 2021 оны тайланд дурдсанаар тус хотод бүртгэлтэй 8 сая орчим тээврийн хэрэгслээс ялгарах утаа, замын тоос тоосонцор зэрэг нь Ханой хотын агаарын бохирдлын 30 орчим хувийг, харин аж үйлдвэрээс ялгарах утаа 30 орчим хувийг бүрдүүлж байна.

 2020 оноос хойш Вьетнамын хойд болон төв хэсэгт агаарын бохирдлоос үүдэлтэйгээр 18 мянга орчим хүн нас барсан гэж Дэлхийн банкны тайланд дурдсан байна.

Өнгөрсөн сард Ханой хотын эрүүл мэндийн байгууллагууд оршин суугчдыг амны хаалт зүүж, гадна орчинд удаан хугацаанд зорчихгүй байхыг зөвлөсөн байна.