Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг асрах зэрэгт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5-3 цагийг илүү зарцуулдаг

Олон улсын байгууллагаас гаргасан судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн ажиллах боломж болон цалин хөлсний хэмжээ нь хангалтгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл 2 эмэгтэй тутмын 1 нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Харин ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд цалин, хөлсгүй ажил хөдөлмөр буюу бага насны хүүхэд болон өндөр настан асрах нь их байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлстэй холбоотой тоон мэдээллийг хүргэе.

  • Монгол улсын нийт хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнээс хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
  • Тэгвэл хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувийг хүйсээр нь авч үзэхэд эрэгтэй хүн 61 гаруй хувь, эмэгтэй хүн 48 гаруй хувийг эзэлж байгаа юм.
  • Харин эмэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 1.7 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдээс 538 мянган төгрөгөөр  бага байна гэсэн үг юм.
  • Мөн 0-5 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд утаа, түгжрэл, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж хөдөлмөр эрхэлж чаддаггүй байна.

Судалгаанд дурдсанаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байгаагийн шалтгаан нь агаар орчны бохирдол, цэцэрлэг, сургуулийн хүртээмжг+үй байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Жишээлбэл, өвлийн улиралд бага насны хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй олон төрлийн халдварт өвчин тусдаг. Тиймээс хүүхдээ асрах ээжүүд бүтэн цагаар ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна.

Монгол улсад цалин хөлсгүй ажил, хөдөлмөр эрхлэлт буюу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн бага насны хүүхдийг асрах зэрэгт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5-3 цагийг илүү зарцуулдаг байна. Мөн энэ ялгаатай байдал нь хөдөө орон нутагт илүү өндөр байгааг Азийн Хөгжлийн банкны хийсэн судалгаанд дурджээ. Тиймээс асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон цалин, хөлсний ялгамжтай байдлыг арилгахын тулд төрөөс нэгдсэн бодлого, зохицуулалтаар дэмжиж хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, ажлын цагийг уян хатан болгох ажлын байранд хүүхэд асрах үйлчилгээ бий болгох зэргээр дэмжих хэрэгтэй юм.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцоог тэнцвэртэй хадгалах нь эдийн засгийн өсөлт, хөгжилд эергээр нөлөөлдөг байна. Мөн олон улсын туршлагаас харахад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлэх нь хамгийн оновчтой байдаг юм байна.