Иргэд барилгын гүйцэтгэгч компанийн мэдээллийг Ulaanbaatar.mn, Shilen.Gov.mn сайтаас харах боломжтой

Сүүлийн жилүүдэд орон сууц худалдан авах захиалга өгөөд залилуулах асуудал ихээр гарч байна. Иргэд байр, орон сууц захиалж, төлбөрөө төлсөн ч тухайн барилга нь хугацаандаа ашиглалтад орохгүй царцах эсвэл тухайн байрыг хэд хэдэн хүнд давхар борлуулах зэрэг асуудлууд үүсэж байна. Тиймээс захиалгаар орон сууц худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах түүнчлэн гэрээгээ сайтар нягтлах, цаашлаад үл хөдлөх хөрөнгийн тэмдэглэгээ хийлгэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Иргэд байр, орон сууц урьдчилан захиалахдаа заагдсан хугацаанд ашиглалтад орохгүй бол алданги тооцох байдлаар гэрээгээ хийдэг боловч энэ нь хэрэгждэггүй. Цаашлаад захиалсан байрандаа ч орж чаддаггүй нөхцөл байдал үүссээр байна. Ийнхүү хохирсон иргэдийн хувьд өөрийн гэсэн орон гэргүй болж, түрээсийн байраар хоног төөрүүлж байна.

Тэгвэл иргэд орон сууц урьдчилан захиалахдаа гэрээнд тусгагдсан алданги тооцох аргачлал, ашиглалтад орох хугацаа, хариуцлага хүлээх субъект зэргийг тодорхой агуулсан зүйл заалтыг нарийн уншиж танилцаагүйгээс шалтгаалж хохирох эрсдэл үүсэж байгааг хуульч хэлж байна.

Мөн орон сууцны зээлийн гэрээ, захиалгын гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, заавал худалдан авсан орон сууцандаа урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хэрэгтэй юм байна. Ингэснээр таны авсан байрыг хэн ч барьцаанд тавихгүй, бусдад давхар борлуулахгүй, гэрчилгээг бусдад шилжүүлэх эрсдэлээс хуулийн хүрээнд хамгаалах найдвартай арга юм байна.

Иргэн орон сууц урьдчилан захиалахдаа тухайн компани барилга барих зөвшөөрөлтэй эсэх мөн стандарт, норм дүрмээ хэрхэн биелүүлж ажиллах зэрэг олон талыг судалсны дараагаар гэрээг байгуулах хэрэгтэй байна. Иргэд энэ талаарх мэдээллийг ulaanbaatar.mn, shilen.gov.mn сайтаас харах боломжтой.

Мөн барилга, орон сууц урьдчилан захиалах гэрээнд төлбөрийг хувааж төлөх уян хатан зохицуулалт хэрэгтэй байгааг мэргэжлийнхэн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын үйл явц хэдэн хувьтай явж байгаатай уялдсан төлбөр төлөлтийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн юм.