“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаар төлөвлөөд байгаа. Тус хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 3 дахь жилээ угтаж байгаа энэ хугацаанд Монгол орон даяар нийт 41.5 сая мод тарьжээ. Тэгвэл их хэмжээний төсөв мөнгө зарцуулан хэрэгжүүлж байгаа тэрбум мод хөдөлгөөнийг цаашид өрнүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин ажиллаж, зөв техникээр модыг арчлан ургуулах шаардлагатайг ойн мэргэжилтнүүд онцолж байна.

Манай улс 2014-2023 онд жилд дунджаар 736.9 мянган метр куб модыг ашиглажээ. Энэ нь жил тутамд 810 мянган ширхэг модыг хэрэглэж, үүнээс 74.9 хувийг дулааны үйлдвэрлэл буюу түлээндээ ашигладаг байна.  Одоогоор Монгол орны ойн сан бүхий газрын ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан хувь буюу ойрхог чанар 7.9 хувь байгаа юм. Тэгвэл тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зорилтыг тавьсан байна.

Мөн хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр одоогийн байдлаар 59.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин энэ онд ойн хөнөөлт шавж, өвчний голомтод талбайтай тэмцэх зэрэг үйл ажиллагаа хөдөлгөөний хүрээнд өрнөх юм байна. Уг ажлыг хэрэгжүүлэхэд нийт 116 тэрбум төгрөгийг ойн салбарт зарцуулахаар төсөвлөжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 41,5 сая модыг тарьжээ. “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээд эдийн засагт эерэг нөлөөллүүд гарч, мод үржүүлэгч аж ахуй нэгж болоод иргэдийн бизнесийн орчин сайжирч эхэлжээ. Гэсэн хэдий ч цаашид гарах үр дүнг нэмэгдүүлэхийн тулд  мэргэжлийн боловсон хүчин болон зөв техник ашиглах шаардлага тулгарч байгаа юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах гол хүчин зүйл нь мэргэжлийн боловсон хүчин буюу ойн аж ахуйн инженер. Гэтэл манай улсад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн ховор байдаг. Хөдөө Аж Ахуйн их сургууль жаран жилийн хугацаанд ердөө 1000 орчим ойн мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.