БНХАУ-ын эрх баригчид 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5 хувьд хүргэлээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян энэ жилийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө таван хувьд хүргэсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтэй ижил байгаа тухай эдийн засагчид хэлж байна. Өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын үеэр Ли Чян цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого арга хэмжээ, зорилтоо тодорхойлжээ.

Мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Хятадын Коммунист намын гишүүд болоод орон нутгаас хүрэлцэн ирсэн 3000 гаруй төлөөлөгч хурлын нээлтэд оролцсон байна. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Ли Чян 2023 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт, зорилтууд биеллээ. Засгийн газар орчин үеийн социалист улсыг байгуулахад томоохон ахиц дэвшил гаргалаа" хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд 2023 онд БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиар тэлсэн ч хорио цээрийн дэглэмийн хор уршгаар өсөлт нь сул хэвээр байсан юм. Тэгвэл олон улсын валютын сан 2024 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.6 хувиар өсөн нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа нь Ли Чяны зорилтоос доогуур үзүүлэлт юм.

Харин ОУВС-ийн таамаглаж байснаас өндөр өсөлтийн зорилт тавьсан нь Хятад улсын засгийн газар илүү амбицтай байгаа гэдгээ харуулахыг хүсэж байна гэж шинжээчид үзэж байна.

Мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад улсын Засгийн газар дэвшилтэт технологи бүхий шинэ үйлдвэрүүдийг бий болгох, хөгжүүлэх, дижиталчлал, байгаль орчин, эрүүл мэнд болон бусад салбарын тогтвортой өсөлтийг хангах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа тэлэх зорилготой байгаагаа уламжилжээ. Гэхдээ Хятад улсын эрх баригчдын санаа зовоосон асуудал бол үл хөдлөх хөрөнгийн салбарын удаан үргэлжилсэн уналт юм. Хятадын 70 орчим томоохон хотын 50 гаруйд нь өнгөрсөн 1-р сарын байдлаар шинэ орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс ихээхэн хувиар буурчээ. Үл хөдлөх хөрөнгө болон холбогдох бизнесүүд Хятадын ДНБ-ий 25 орчим хувийг эзэлдэг байна.