“Метa” компанийн цахим сүлжээний хэрэгслүүд дэлхий даяар саатав

Өнгөрсөн Мягмар гарагт Мета компанийн цахим сүлжээний платформууд болох Facebook, Instagram зэрэг нь хоёр цаг гаруй хугацаанд саатсаны дараа үйл ажиллагаа нь сэргэсэн байна. Эх сурвалжууд техникийн асуудлын улмаас тэдгээр платформуудын үйл ажиллагаа доголдсон талаар хэвлэлд ярьсан байна.

Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон зуун сая хэрэглэгчдэд нөлөөлсөн саатлын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ уг саатал нь хорлонтой кибер халдлагатай огт холбоогүй. Харин инженер техникийн ажилтнуудын алдаа эсвэл дотоод программ хангамжийн шинэчлэл зэргээс шалтгаалсан техникийн саатал байж магадгүй байна.

Мета компанийн эзэмшдэг Facebook, Instagram, Whatsapp, Threads зэрэг платформуудыг өдөр бүр 3.2 тэрбум хүн идэвхтэй хэрэглэдэг. Харин өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын цагаар өглөөний 10 цаг орчимд саатал үүссэн төдийгүй 2 тэрбум хэрэглэгчийн сүлжээнд нөлөөлснийг судалгааны байгууллагаас тогтоосон байна. Мөн саатлын үеэр зарим Мета компанийн ажилчид дотоод сүлжээндээ хүртэл нэвтэрч чадахгүй байснаа Твиттер сүлжээнд жиргэсэн байна.

Техникийн саатал гарсантай холбогдуулан Мета компанийн хувьцааны ханш богино хугацаанд 1.2 хувиар унаж, санхүүгийн хувьд мөн томоохон алдагдал хүлээсэн байна.