Одоогийн байдлаар орон сууц худалдан авах хэрэгцээтэй 60.000 орчим төрийн албан хаагч байна

Улсын хэмжээнд 192.475 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127.585 нь хувийн өмчлөлийн орон сууцтай байна. Одоогийн байдлаар орон сууц худалдан авах хэрэгцээтэй 60 мянга  орчим төрийн албан хаагч байна. Алба хаагчдын дийлэнх нь цалин хөлс хүрэлцээ хангалтгүй байдгаас шалтгаалан орон сууц худалдан авах боломж тааруу байдаг байна. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр орон сууцжуулах үндэсний хороог байгуулсан бөгөөд ингэснээр бага дунд орлоготой иргэд, төрийн алба хаагчид хөдөө орон нутагт ажиллагсдыг орон сууцаар хангах боломж бүрдэх юм байна.

Өнгөрөгч 12-дугаар сард Засгийн газраас Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацыг байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчид болон орон нутагт ажиллагсад зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн юм. Одоогоор орон сууцжуулах үндэсний хороо байгуулагдан холбогдох ажлуудыг хийж эхэлсэн байна. Тухайлбал нийгмийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоог бий болгож хуримтлал үүсгэн орон сууцын зээлд хамрагдах боломж нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм.

Орон сууцын хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монгол банк, арилжааны банкнуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг нийт 115 мянган иргэнд олгожээ. Зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр сая төгрөгөөс дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд байна. Тэгвэл төрийн алба хаагчийн дундаж цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг байгаа юм.