Махны нийлүүлэлт багасаж байгаатай холбоотойгоор энэ хавар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай байна

Зудын нөхцөл байдлаас шалтгаалж махны нийлүүлэлт удааширсан байна. Энэ нь махны үнэ нэмэгдэж цаашлаад  бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх дүр зураг ажиглагдаж байгааг статистикийн хорооноос танилцууллаа. Түүнчлэн хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа учраас хаврын улиралд махны үнэ нэмэгдэж бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсөхөөр байгааг хэлсэн байна.

Хаврын улиралд махны нийлүүлэлт багасдаг тул үнэ нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ ч хаврын улиралд өсдөг юм. Харин энэ үнийн өсөлтөд иргэдийн орлого хүрэлцдэггүй ихээхэн дарамт үүсдэг билээ.

Одоогоор хүнсний бүлгийн үнэ тэр дундаа иргэдийн өргөн хэрэглээ болох мах, гурил, сүүний үнээс шалтгаалж бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа юм. Мөн өнгөрсөн 2-сард 1072 хувьцааны ногдол ашиг тараасан. Үүний нөлөөлөл нь мөн л барааны үнийг өсгөдөг юм.

1072 хувьцааны ногдол ашиг тараах, цалин тэтгэвэр нэмэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор энэ хавар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн махны үнийг өсгөхгүйн тулд нөөцийн махны арга хэмжээг авч хэрэгжүүлдэг ч энэ нь үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна гэсэн юм.

Ийнхүү инфляц буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ хавар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс шалтгаалж ахин мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэхээр байгаа учир аан, байгууллагад олдох зээлийн олдоц багасах магадлалтай байна. 

Тиймээс цаашид инфляцын түвшинд голлон нөлөөлж байгаа 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй байна гэсэн юм.

Мах, гурил нь бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд голлон нөлөөлж байгаа учир энэ чиглэлийн үйлдвэрийг дэмжиж ажилласнаар инфляцын түвшинд эергээр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байсан юм.