Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль сэтгүүлчдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна

Монгол улсад сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өчигдөр тохиолоо. Тэртээх 1913 оны 3-р сарын 6-ны өдөр “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч одоогийн сэтгүүлзүйн үндэс суурь тавигдаж байсан юм. Мөн одоогоор сэтгүүлзүйн салбарт олон тулгамдсан асуудал бий. Тухайлбал, хүний нөөцийн асуудал, сэтгүүлч, зураглаачийн биед халдах гэх мэт асуудлууд өдөр тутамд нь тулгарч байна.

Хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн мэдээлэл авах эрх нь салшгүй холбоотой бөгөөд энэ нь зөвхөн нэг салбарын асуудал биш, нийт иргэдийн эрх ашгийн асуудал юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль анх 1998 онд батлагдсан. Харин түүнээс хойш нийгэм, эдийн засгийн болоод цахим шилжилтийн хүчин зүйлсээс шалтгаалж уг хуулийн зохицуулалт нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэж салбарын төлөөллүүд мэдээлж байна. Тухайлбал, ажлын техник хэрэгсэл эд хогшилд нь халдах, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэргээр аюулгүй байдалд нь халдах тохиолдол олон гарч байна.

Хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд олон асуудал хөндөгдөнө. Нэн тэргүүнд тус салбарт ажиллагсдын аюулгүй байдлыг хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах нь чухал байгаа юм.

Сэтгүүлчийн аюулгүй байдлын судалгаанд оролцогчдоос нийт 300 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь хэн нэгэн этгээд тэдний эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж хариулжээ. Гэвч цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хохирсон дуудлага мэдээлэл ердөө 15 бүртгэгдсэн байна. Үүнээс харвал сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн тохиолдол их байгаа ч цагдаагийн байгууллагад хандаж байгаа тоо бага байна.

2019 онд Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсын сэтгүүлчид ажлын ачаалал өндөртэй ч харьцангуй бага цалин хөлстэй, ирээдүйн баталгаа султай нөхцөлд ажиллаж байгаа үр дүн гарчээ. 2019 онд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг ажиллаж, татварын дараах байдлаар 664.000 төгрөгийн цалин авч байжээ. Харин 2022 онд 9 цаг ажиллаж, цалингийн дундаж ердөө 15-20 хувиар л нэмэгдсэн байна. Мөн сэтгүүлчийн ажиллаж байгаа цагийг авч үзвэл хөдөлмөрийн тухай хуульд зааснаар илүү 1 цагаар ажиллаж байгаа юм.