Пүрэв гарагт Швед улс албан ёсоор НАТО-ын 32 дахь гишүүнд өргөмжлөгдөж, нэгдэн орох тухай баримт бичгээ хүлгээлгэн өглөө

Өнгөрсөн Пүрэв гарагт Швед улс албан ёсоор Өрнөдийн цэргийн эвсэл буюу НАТО-ын 32 дахь гишүүн орон боллоо. Тус улсын Ерөнхий сайд Ульф Кристерссон Вашингтон хотноо цэргийн эвслийн гишүүнчлэлийг баталгаажуулах “Нэгдэн орох тухай баримт бичиг”-ийг АНУ-ын Төрийн департментад гардуулан өгсөн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Цэргийн эвсэл түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэж чадсан бөгөөд илүү олон хүнийг хамгаалалтдаа авлаа” хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон тус эвсэлд нэгдэж байгаа явдлыг “Эрх чөлөөний төлөөх ялалт” хэмээн тодорхойлж, Скандинавын улс "Чөлөөт, ардчилсан, бүрэн эрхт, нэгдмэл сонголт" хийсэн гэдгийг онцолсон байна. 2022 оны 2-р сард ОХУ-ын зэвсэгт хүчин эзлэн түрэмгийллээ эхлүүлсний дараа түүхэн цаг хугацаанд аливаа цэргийн эвсэлд үл нэгдэх төвийг сахих уламжлалт бодлого баримталж ирсэн Швед, Финланд улсууд бодлогын эрс өөрчлөлт гаргаж, эргэлт буцалтгүй шийдвэр гаргасан юм.

Харин Швед улсын гишүүнчлэлийн асуудал тийм ч дардан байгаагүй бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэд олон саад тотгортой нүүр тулсан юм. Тухайлбал Туркийн Засгийн газрын алан хаядагчид гэж тодорхойлдог Курдын бүлэглэлийн үйл ажиллагаанд Швед улс дэмжлэг үзүүлж, террористуудыг эх орондоо орогнуулдаг тул Анкара Стокхолмын хүсэлтийг соёрхон батлахаас татгалзаж байсан. Харин Режеп Тайип Эрдоган ахин Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа бодлоо өөрчилснөөс гадна дипломат яриа хэлэцээний үр дүнд швед улсын хүсэлтэд зөвшөөрөл олгосон юм.