Украины зэвсэгт хүчний Ерөнхий командлагч асан Валерий Залужный эх орноо төлөөлөн Их Британи улсад суух элчин сайдаар томилогджээ. Өнгөрсөн 1-р сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський армийнхаа Ерөнхий командлагчийг огцруулсан боловч түүнийг Засгийн газрын бүтцэд хамаарах албан тушаалд томилохоо онцлоод байсан юм.
2022 оноос хойш Украины генерал Валерий Залужный байлдааны ажиллагааг удирдаж байсан. Украины ард түмэн түүнийг ирээдүйн төрийн тэргүүн, Володимир Зеленськийн улс төрийн хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлдог төдийгүй армийн алба хаагчдын дунд нэр хүндтэй юм.
Тэгвэл өнгөрсөн 2023 оны 7-р сард Их Британи улсад сууж байсан Украины элчин сайд Вадим Пристайко тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийг олон нийтийн өмнө илтэд шүүмжилснийхээ дараа албан тушаалаас огцорсон юм.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський 2023 оны 7-р сараас хойш Их Британи улсад элчин сайдаа илгээх асуудлыг авч хэлэлцээгүй байсан бол өнгөрсөн пүрэв гарагт армийнхаа Ерөнхий командлагч асан Валерий Залужныйг тус албан тушаалд томилох шийдвэр гаргасан байна.
Пүрэв гарагт Володимир Зеленський "Валерий Залужныйгийн явах чиглэл бол дипломат харилцаа бөгөөд түүний илгээлтийг эцэслэн шийдвэрлэх хүсэлтийг Их Британийн Гадаад хэргийн яаманд илгээсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Хөндлөнгийн ажиглагчид Валерий Залужный яриа хэлэлцээний ур чадварт сайтар бэлтгэгдсэн бөгөөд Их Британи болон Өрнөдийн холбоотон улс орнуудаас зэр зэвсгийн тусламж авахад дипломат нөлөө үзүүлэх боломжтой гэж дүгнэж байна.