Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2 сая 248 мянгад хүрэх тооцооллыг судлаачид гаргажээ. “Улаанбаатар-бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нийслэл хотын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх зорилгоор Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт болон нийслэлд 6 дэд төв байгуулах талаар ярилцлаа. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2.248.000 хүрэх бөгөөд 440.000 иргэнийг дагуул хотод суурьшуулах төлөвлөлттэй байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Шинэ Зуунмод хотыг 31.000 га талбайд 8 бүстэй байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
- Эдийн засгийн чөлөөт бүс
- Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
- Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
- Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
- Худалдаа, бөөний төв
- Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
- Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
- Аж ахуй, нөөц гэсэн бүс багтах юм байна.
Мөн нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 6 дэд төв байгуулж байгаа. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хийснээр жилд 7500 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан талаар албаныхан мэдээлж байна. Мөн тухайн байршилд авто замын сүлжээг нэмэгдүүлснээр долоон буудлын уулзварын ачааллыг 30 хувиар бууруулжээ. Харин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 57 хувь, Толгойт дэд төвийнх 28 хувьтай үргэлжилж байна.
Шинэ Зуунмод хот болон Улаанбаатар хотын дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийхэд цахилгаан эрчим хүчний асуудал үүснэ. Тэгвэл 2028 онд Бөөрөлжүүтийн 300 мвт-ын хүчин чадалтай цахилгааны станц, Багануурын 400 мвт-ын цахилгаан станц барих төсөл зэрэг бүтээн байгуулалтын ажилд нийт 6.6 их наяд төгрөг шаардлагатайг холбогдох албаныхан нь мэдээллээ. Одоогоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж байгаа юм.
Эрчим хүчтэй холбоотой томоохон төслүүд санхүүгийн хүндрэлээс болж гацдаг. Тухайлбал, эрчим хүчний эх үүсвэрийн 8 төсөлд 53 их наяд хэрэгтэй байна. Энэ төсөв одоогоор шийдэгдээгүй байгаа юм.