Монгол эмэгтэйчүүдийн 61 хувь нь дээд боловсрол эзэмшсэн ч тал гаруй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг

Монгол улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3.500.000 гаруй хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Мөн Монгол эмэгтэйчүүд дунджаар 76.7 насалж байна. Харин гэрлэлтийн дундаж нас 26.7 байгаа юм.

Үргэлжлүүлэн эмэгтэйчүүдийн боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллийг хүргэе.

Монгол эмэгтэйчүүдийн 61 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байна. Гэсэн ч дээд боловсрол эзэмшсэн хувьтай харьцуулахад ажил хөдөлмөр эрхлэх байдал нь хангалтгүй байгаа юм. Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн насны нийт эмэгтэйчүүдийн 48.6 хувь нь л ажил хөдөлмөр эрхэлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийг авч үзвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 53.3 хувь нь эмэгтэйчүүд, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын 37.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Сонирхолтой баримт хэлэхэд улсын хэмжээнд 30 гаруй сум эмэгтэй засаг даргатай байгаа юм. Мөн түүхэндээ анх удаа буюу 2022 онд аймгийн засаг даргаар эмэгтэй хүн томилогдсон нь ховд аймгийн засаг дарга юм.

Харин эмэгтэйчүүдийн дундаж цалин хөлс 2.3 сая төгрөг байна. Энэ нь эрэгтэйчүүдийнхээс 600.000 төгрөгөөр бага байна гэсэн үг юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин хөлс нь 2.3 сая төгрөг байдаг.

Мөн эмэгтэйчүүд дийлэнхдээ хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гэр бүлийн гишүүдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар “Хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхэд, ахмад настныг асрах, хувцас угаах гэх мэт ахуйн хүрээнд хамаарах ажлыг ихэвчлэн хэн хийдэг талаар” тодруулахад нийт гэр бүлийн гишүүдийн 74.1 хувь нь “Эхнэр” гэж хариулсан байна.

“Гэр бүлийн харилцаан дахь жендер ба хүний эрхийн асуудал” судалгааг ХЭҮК-оос хийсэн байна. Тус судалгаагаар Монгол улсад өрх толгойлсон эх 66.648, өрх толгойлсон эцэг 15.089 байна. Мөн манай улсад гэрлэлтийн гэрээ байгуулах нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрхийг эрх тэгш ханган гэж үзэх болжээ. Судалгаанд оролцогчдын 57.1 хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулах нь зөв гэж үзсэн байна.

Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахын тулд нэн түрүүнд хөдөлмөр эрхлэлт болон цалин, хөлсний ялгамжтай байдлыг арилгах хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн болон иргэд ийнхүү хэлж байсан юм. Мөн бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажлын цагийг уян хатан болгох ажлын байранд хүүхэд асрах үйлчилгээ бий болгох зэргээр дэмжих хэрэгтэй гэсэн юм.