“Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн ордонд алдарт эхийн одонт ээжүүдийн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээнд 1000 гаруй алдарт эх оролцож, 9 эмэгтэйд хатан ижий өргөмжлөл олголоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд алдарт эхийн одонтой нийт 350 гаруй мянган ээж байна. ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан алдарт эхийн одонтой ээжүүдийн төлөөлөл болох 1000 ээжийг төрийн ордонд хүлээн авч, Монгол улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх тэмцлийг илэрхийлэх өдөр гэдгийг ээжүүд онцолж байлаа. 4-өөс дээш хүүхэдтэй ээжүүд хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх, ар гэрийн ажлаа амжуулах шаардлага тулгардаг тул төдийлөн ажил хийх боломжоор хангагдаж чадахгүй байна. Иймд тэд нийгмийн хамгааллаа сайжруулах шаардлагатай байгаа талаар ярьсан юм.

Уг арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарах, удирдах шатанд эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг төрийн тэргүүн онцолж байсан юм. Мөн цаашид хүн амаа өсгөх, бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төсөвлөжээ.