БНХАУ-ын хууль тогтоогчид үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд боломжийнхоо хэрээр санхүүжилт олгохоо мэдэгдсэн боловч төлбөрийн чадваргүй болсон бүтээн байгуулагчдад төрөөс дэмжлэг олгохгүй гэдгээ анхаарууллаа. Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүртэл сөргөөр нөлөөлж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн сайд Ни Хун Бээжин хотноо болсон бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын үеэр үл хөдлөх хөрөнгийн салбарынхаа хэтийн төлөвийн талаар тайлбар өглөө. Түүний хэлснээр өнгөрсөн 2-р сарын эцсээр нийт 27 тэрбум орчим америк.долларын санхүүжилтийг төслийнхөө дагуу бүтээн байгуулагчдад олгохоор баталжээ. Гэхдээ тэрээр төлбөрийн чадваргүй болж олон нийтийн эрх ашгийг хохироосон үл хөдлөх хөрөнгийн салбарын компани аж ахуйн нэгж нь хуулийн дагуу хэрэглэгчийн хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгийг онцолсон бөгөөд Хятад улсын Засгийн газар асуудалд бүрэн хяналт тавихыг дурдсан байна.
Тэгвэл Хятад улсын бодлого боловсруулагчид төлбөрийн чадваргүй болсон барилгын болоод үл хөдлөх хөрөнгийн компаниудыг дампуурсан гэж зарлах эсвэл зах зээлийн зарчмаар бүтцийн өөрчлөлт хийх боломжийг эрэлхийлж байгааг шинжээчид хэлж байна. Тухайлбал Хонг-Конгийн шүүхээс Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон групп компани болох evergrande group-ийг татан буулгах тушаал гаргасан юм. Мөн саяхан Country Garden хэмээх өөр нэг томоохон үл хөдлөхийн корпорац зээлдүүлэгчдийнхээ татан буулгах нэхэмжлэлтэй нүүр тулж, шүүхийн байгууллага асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь Хятад улсын ДНБ-ий дөрөвний нэг орчим хувийг бүрдүүлдэг. Харин Хятад улсын засгийн газар хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын анхаарал хандуулахаа больсон салбарын зэх зээлийг тогтворжуулахын тулд удаа дараа бодлогын дэмжлэг үзүүлсээр байгаа ч үр дүнд хүрээгүй хэвээр байгааг шинжээчид хэлж байна.
Үүнээс гадна өнгөрсөн Ням гарагт Хятад улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян жил бүрийн уламжлал болсон хэвлэлийн хуралд оролцохоос татгалзсан нь хаалттай хаалганы цаана болдог хурал үр дүнд хүрээгүйг илтгэж байж магадгүй байна.