Ням гарагт Гэгээн Ширээт улсын Төрийн Тэргүүн Пап Францис “Украинчууд цагаан туг мандуулах зоригтой байж, Орос улстай хийж байгаа дайнаа дуусгавар болгох хэлэлцээг эхлүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн юм

Өнгөрсөн Ням гарагт Гэгээн Ширээт улсын Төрийн Тэргүүн Пап Францис “Украинчууд цагаан туг мандуулах зоригтой байж, Орос улстай хийж байгаа дайнаа дуусгавар болгох хэлэлцээг эхлүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.  Харин түүний энэхүү мэдэгдэл Украины ард түмэн, эрх баригчдын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн төдийгүй тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленський “Хэзээ ч бууж өгөхгүй” гэдгээ хариу мэдэгдсэн байна.

Ромын Пап Францис цагаан тугаа мандуулж, дайныг эцэслэх яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалсны дараа Украины эрх баригчид ууртай хариу өгч, бууж өгөх нь сонголт биш гэдгийг мэдэгдсэн байна. Тухайлбал Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Манай туг шар, цэнхэр өнгөтэй. Энэ бол бидний амьдарч, үхэж, ялан дийлдэг туг юм. Бид хэзээ ч өөр туг мандуулахгүй" хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс гадна Киевийн тэргүүн Зеленський “Буддист, загалмайтан, Иудечууд болон шашин шүтлэг үл хамааран нэгдмэл Украинчууд эх орноо хамгаалан дайны талбарт тулалдаж байна. Тэд биднийг залбирал, хэлэлцүүлэг, үйлдлээрээ дэмждэг” гэж мэдэгдлээ. Володимир Зеленський маргаанд хэн нэгний буруутгахаас зайлсхийж байсан ч энхийг сахиулахын тулд 2500 километрийн зайнаас, виртуалаар бус илүү бодитоор үйлдэл гаргахыг санал болгожээ.

Түүнчлэн Евродын улс орнуудын хууль тогтоогчид оросын гэмт хэрэгтнүүдийг буруутгахаас зайлсхийж, Украинд энх тайвныг тогтоох үүрэг хариуцлага хүлээлгэсэн Ромын Папыг хүчтэй шүүмжилжээ.

 Латвийн ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс цахим хуудастаа “Хүн бүр бузар муу бүхний өмнө бууж өгөх ёсгүй. Хүн бүр үүнтэй тэмцэж, ялах ёстой. Харин дараа нь бузар муу хүчин цагаан тугаа өргөж, бууж өгөх болно” хэмээн нийтэлсэн байна. ХБНГУ-ын хууль тогтоогч Деннис Радтке “Ичгүүртэй” гэдэг үгийг Ромын папын мэдэгдлээр тайлбарлаж болох төдийгүй ялагдал бол түрэмгийлэгчдийн хүртэх ёстой зүйл нь гэдгийг онцолсон байна. Мөн өрнөдийн хууль тогтоогчид ОХУ-тай хийх энхийн хэлэлцээ бол Адольф Хитлертай тохиролцоо хийхтэй ижил зүйл гэдгийг уламжилж, дайнаа зогсоохыг Москвагаас шаардаж байна.

Тэгвэл Гэгээн Ширээт улсын холбогдох албан тушаалтан Пап ламын мэдэгдлийг тодруулсан бөгөөд Францис цагаан туг гэдэг нэр томъёог "Дайны үйл ажиллагааг зогсоож, зоригтой хэлэлцээ хийж эвлэрэхийг илтгэх гэж дипломат арга замаар цус урсгах явдлыг зогсоохын тулд ийм үг хэллэг ашигласан” хэмээн залруулга хийсэн байна.