Хүүхдүүд цахим орчинд нэгнийгээ дээрэлхэх асуудал олширсон тул эцэг эхийн хараа хяналт чухал байна
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд дунджаар 800 мянга  орчим хүүхэд суралцаж байна. Тэдний дунд хийсэн судалгаагаар арван сурагч тутмын найм нь дээрэлхэлт, гадуурхалтын ямар нэгэн төрөлд өртдөг нь тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хэрээр хүүхдүүд нэгнээ цахим хаяг ашиглан чатаар дарамтлах, сүрдүүлэх тохиолдол нэмэгдсэн төдийгүй энэхүү үйлдэл нь бага ангийн хүүхдүүд ч ажиглагдаж байгаа юм.

Өнгөрөгч 2023 онд цагдаагийн байгууллагад 2300 орчим хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ. Үүний 40 орчим хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Тэгвэл хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хэвлэл мэдээллийн байгууллага болон цахим орчинд хамгаалагдах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхэн нэгнээ цахимаар дээрэлхэх, ялгаварлан гадуурхах асуудал нэмэгдэх болжээ.

Хөвгүүд ихэвчлэн бие махбодийн дайралтад өртдөг бол охид сэтгэл санааны дайралтад түлхүү өртдөг байна. Мэргэжлийн байгууллагаас 4000 гаруй хүүхдийн дунд хийгдсэн судалгаанаас харахад 83 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд ямар нэгэн байдлаар өртөж байсан гэдгээ ярьжээ. Мөн ахлах ангийн сурагчид доод ангийн хүүхдүүдээ  дээрэлхэх, дээрэмдэх тохиолдол сургуулийн орчинд ихээр гардаг бол сүүлийн жилүүдэд цахим сүлжээн дэх гадуурхалт ихэссэн мөн бага ангийн хүүхдүүд нэгнээ гадуурхах үйлдэл олширсон байна.

Энэ онд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын төсөвт 4.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэхүү төсвийг үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг нөлөөллийн ажил болон сургуулиас гадуурх ажилд зарцуулах юм байна. Мөн 2021 оноос эхлэн сургууль бүрд сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Ингэснээр үе тэнгийнхний дээрэлхэлтийн асуудал тодорхой хэмжээнд буурсан гэж үзжээ.

Хэрэв хүүхэд энэ төрлийн дээрэлхэлтэд өртсөн бол хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулагддаг болох хуулийн заалт ирэх 9-р сараас эхлэн хэрэгжих юм байна. Тухайн хуулийн заалтад үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн бөгөөд эцэг эхэд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар тусгагджээ.

Хүүхдүүд ихэвчлэн санаандгүй байдлаар дээрэлхэлтийг үйлддэг тул тэдэнд  энэ үйлдэл нь буруу гэдгийг ойлгуулахын тулд давтамжтайгаар сануулж нөлөөлөх ажлуудыг үр дүнтэйгээр хийх шаардлагатай байгаа юм.