Эх орондоо эргүүлэн татсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчилж 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворыг үзэсгэлэнд дэлгэжээ
Гадаад улс руу хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо буцаан авах ажлыг манай улсаас холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, тав дахь удаагийн татан авалтыг өнгөрсөн 2-р сард зохион байгуулсан. Тэгвэл Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийт 5 удаагийн таталтаар хүлээн авсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчилж, “Гэртээ тавтай морил” тусгай үзэсгэлэнг Байгалийн Түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээжээ.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ хүрээнд хууль бусаар хил дамнан худалдаалагдсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо эргүүлэн татаж, өнгөрсөн 2-р сард байгалийн түүхийн музейд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Ийм төрлийн татан авалтыг өнгөрсөн хугацаанд 4 удаа хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь 5 дахь удаагийн татан авалт болжээ. Ийнхүү соёлын өв болоод шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн олдворуудын нийт татан авалтуудаас сорчилж “Гэртээ тавтай морил” тусгай үзэсгэлэнг Байгалийн Түүхийн музейд дэлгэжээ.

Үзэсгэлэнд урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй тарвозавр батаар, овираптор, анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгийн яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрүүдээр дэглэн дэлгэжээ. Мөн үзэгчдэд сонирхолтой байх үүднээс тусгай тайлбарыг хүргэж байгаа юм байна.

Мөн үлэг гүрвэлийн төрлүүдийн ялгаа, хөгжлийн үе шатыг харьцуулан харах боломжтой толгойн ясны олдворуудыг дэглэн үзүүлжээ.

5 дахь удаагийн татан авалтаар ирсэн олдворыг цаашид Байгалийн Түүхийн музей,  ШУА-ийн палеонтологийн хүрээлэнгийн судлаачид хамтран судлах, бэхжүүлэх сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Харин дэлхийд тархсан монгол соёлын биет өвийг эх орондоо татан төвлөрүүлэх ажлыг цаашид ч хэрэгжүүлнэ гэдгийг соёлын яамнаас мэдээлж байлаа.