Үерт өртөх магадлалтай 3000 гаруй хашаа, байшин байгаа ч нүүсэн айл өрх байхгүй

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер болох магадлал өндөр байна. Холбогдох байгууллагаас нь тодорхой байршлуудын мөсийг зөөж тээвэрлэн, голын голдирлыг хааж барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа ч үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүд нүүхгүй байгаа талаар мэдээллээ.

Бэлх орчмын энэ хэсэгт гол ай савыг дагаж буусан айл өрхүүдийн ихэнх нь газрын зөвшөөрөлгүй буужээ. Жилийн жилд л Бэлх орчмын энэ хэсэгт хойноосоо голын ус урсан орж ирж, үерлэх эрсдэл өндөр байдаг. Гэвч ч тус хэсэгт зөвшөөрөлгүйгээр буух айл өрхийн тоо буурахгүй хэвээр байна.

Бэлх орчимтой ижил нийслэлийн 33 байршилд халиа, тошин үүссэн нөхцөл байдалтай байна. Үүнээс шалтгаалж шар усны үер болох магадлалтай байгаа. Одоогоор үерт өртөх магадлалтай 3000 гаруй хашаа, байшин байгаа ч нүүсэн айл өрх байхгүй байна. Тиймээс холбогдох байгууллагаас эдгээр айл өрхүүдэд албан шаардлагыг хүргүүлж байгаа талаар мэдээллээ.

Мөн холбогдох байгууллагын зүгээс шар усны үер болох магадлалтай газруудын мөсийг зөөж тээвэрлэх, сувагчилах, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг буулгаж чөлөөлж байгаа гэсэн юм. Одоогоор “S Outlet” барилгыг буулгаж дууссан бол “Aqua Garden” хотхоны төсөл нь шүүх дээр хэлэлцэгдэж байна.

Нийслэлийн үерийн хамгаалалтын зурвас газар буусан айл өрхүүдийн 30 орчим хувь нь газрын зөвшөөрөлгүй буусан бол 70 гаруй хувь нь газрын зөвшөөрөл авч буужээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33-р хороонд голын ай сав орчимд суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна.