АНУ-ын төлөөлөгчдийн танхим “Тикток” платформыг үндэстний хэмжээнд хориглох хуулийн төслийг баталлаа

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын төлөөлөгчдийн танхим залуучуудын түгээмэл хэрэглэдэг видео хуваалцах Тикток платформын хэрэглээ хориглох тухай хуулийн төслийг баталжээ. АНУ-ын хууль тогтоогчид сонгуулийн жил тохиож байгаатай холбогдуулан аюулгүй байдалд нь эрсдэл учрах эсвэл сонгогчдод нөлөөлөх вий гэж болгоомжилж байгаа тул ийм шийдвэрт хүрчээ.

Тикток цахим сүлжээний платформыг АНУ-д 170 сая хэрэглэгчтэй хэмээх тооцоолол бий. Харин Хятадын Засгийн газар тус аппликейшнийг ашиглан мэдээлэл хулгайлж, суртал ухуулга тараах вий гэдгээс АНУ-ын хууль тогтоогчид болгоомжилж байна. Уг хуулийн төслийн дагуу Тикток платформыг эзэмшдэг, толгой компани болох Хятад Bytedance-г ирэх зургаан сарын хугацаанд АНУ-ын зах зээлийг орхин гарахыг шаардах юм. Бүгд найрамдах намын төлөөлөгч Майк Галлагер уг хуулийн төсөл нь Тикток платформыг "Хятадын Коммунист намаас салгах” оролдлого төдийгүй Америкийн компаниудад хамаарахгүй.” гэдгийг хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Тиктокыг хориглох нь залуучуудыг "Галзууруулах" болно гэж мэдэгджээ. Гэвч Бүгд найрамдах намын хууль тогтоогчид 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвших гэж байгаа Доналд Трампын саналыг эсэргүүцэж, Ардчилсан намын гишүүдтэй нэгдэж, хуулийн төсөлд дэмжлэг үзүүлжээ.

Тэгвэл Тикток платформын толгой компанийн зүгээс хууль тогтоомжийг эсэргүүцэхийг хэрэглэгчдэдээ уриалсан байна. Мөн лхагва гарагт БНХАУ-ын ГХЯ-наас “Шударга өрсөлдөөнд ялалт байгуулж чадахгүй тохиолдолд дарангуйлагчид арга хэмжээ авдаг төдийгүй энэ нь бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг" хэмээх тайлбарыг өгсөн байна. Одоо АНУ-ын Сенатын танхим хуулийн төсөлд санал хураалт явуулж, дэмжлэг үзүүлбэл албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Гэхдээ зарим сенаторууд хориг арга хэмжээ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж болзошгүй гэж үзэж байж магадгүй байна.