Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах мөн шүүхээр зээлтэй холбоотой хэрэг маргааныг зардал багатай шийдвэрлэх хэрэгтэй

Банкны зээл эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүрийн нэг. 2023 онд банкны зээл олголт өссөн үзүүлэлттэй байсан учир эдийн засгийн өсөлтөд ч эергээр нөлөөлжээ. Хэдий зээл олголт нэмэгдсэн ч УИХ-аас баталсан зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд 2023 онд зээлийн хүүг сарын 1 хувь болгох зорилтыг тавьсан ч биелэлтдээ хүрээгүй байна. Түүнчлэн зээлийг тэглэх үзэгдлийг буруу гэдгийг холбогдох байгууллагуудаас тайлбарлалаа.

2023 оны хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч бүхий л салбаруудад зээлийн олдоц нэмэгджээ. Тухайлбал, малчдад олгох зээлийн хэмжээ 57 орчим хувиар өссөн байна. Мөн худалдаа, үйлчилгээний салбарт олгож буй зээлийн өсөлт ч үргэлжилсэн хэвээр байгаа юм. Гэсэн ч зарим тохиолдолд удирдлагуудын зүгээс малчдын зээл эсвэл тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг асуудлыг ярьж, хэрэгжүүлдэг. Энэ нь зээлийн зах зээлийн зарчмыг алдагдуулж байна гэсэн юм.

Уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбаруудад олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн нь зээлийн чанаргүйдлийг буурахад нөлөөлжээ.

Эдийн засгийн бүхий л салбаруудад олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн мөн чанаргүй зээлийн хэмжээ буурсан ч зээлийн хүү өндөр хэвээр байгаа юм. УИХ-аас баталсан зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд 2023 оны жилийн эцэст зээлийн хүүг сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд оруулах зорилт тавьж байсан. Гэсэн ч энэ зорилтдоо хүрээгүй буюу өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай гарчээ.

УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд, Засгийн газар, Монголбанк, санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагууд зээлийн хүүг бууруулах суурь нөхцөлийг хангах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм. Тухайлбал, банкны эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг бууруулах, зээлтэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр зардал багатай шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг энэ жилдээ багтан хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.