ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж, 2030 он хүртэл засаглахаар боллоо

Өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгууллаа. Тус улсын иргэд Москва Барууны эсрэг зогсож, Украин руу цэргээ оруулах нь зөв шийдвэр байсан гэж үзэж байгаа тул Владимир Путины засаглалд ийнхүү ахин итгэл хүлээлгэхээр болжээ хэмээн Барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Анх 1999 онд засгийн эрхэнд гарч ирж байсан КГБ-ын дэд хурандаа Владимир Путин 5 дахь удаагаа ОХУ-ын Төрийн тэргүүнд өргөмжлөгдөх нь өнгөрсөн Ням гарагт бүх нийтийн санал хураалтаар тодорхой боллоо. Өнгөрсөн 2022 онд тэрбээр хөрш улс руугаа түрэмгийлэх шийдвэрт хүрч, гадаад, дотоодод нэр хүнд нь унаад байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сонгуулийн санал хураалтад 87.8 хувийн санал авч чаджээ. Ингэснээр өдгөө 71 настай В.Путин 5 дахь удаагийн бөгөөд зургаан жилийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байгаагаас гадна сүүлийн 200 орчим жилд Орос улсын төрийн жолоог хамгийн урт хугацаанд атгасан удирдагч болж байна.

Тэгвэл санал хураалтын албан ёсны дүнг зарласны дараа АНУ, ХБНГУ, Их Британи болон бусад улс орнууд улс төрийн өрсөлдөгчөө шоронд хорьсон, хэвлэл мэдээллийн салбарыг цензурдсэн зэргээс шалтгаалан Ерөнхийлөгчийн сонгууль чөлөөт бус, шударга бус болсныг мэдэгджээ.

Ням гарагт В.Путин дэмжигчдэдээ хандан Украинд явуулж байгаа Оросын “Цэргийн тусгай ажиллагаа"-тай холбоотой асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээ мэдэгдээд зогсохгүй цэрэг армиа хүчирхэгжүүлэх амлалт ч бас өгсөн байна. Тэрбээр "Бидний өмнө хийх ёстой олон ажил байна. Гэхдээ бид нэгдмэл байж чадвал аливаа айлган сүрдүүлэлт, дарамт шахалтад өртөхгүй байж чадна. Мөн биднийг дарж авах гэсэн аливаа оролдлого түүхэн цаг хугацаанд амжилтад хүрч байгаагүй, одоо ч, ирээдүйд ч амжилтад хүрэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард шоронд нас барсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн дэмжигчид сонгуулийн санал хураалтын өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан боловч Оросын хууль сахиулагчид хүч хэрэглэн шуурхай тараасан гэж Өрнөдийн хэвлэл мэдээлж байна. Тэгвэл Путин Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан сонгууль гэж үзэж байгаагаа хэлээд Навальныйг дэмжигчдийн эсэргүүцлийн хөдөлгөөн сонгуулийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлээгүй хэмээн мэдэгджээ.