Израилын агаарын цохилт, байлдааны ажиллагааны уршгаар газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амь үрэгдээд байна. Түүнчлэн олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж “Уйлах ч тэнхэлгүй” болтол нөхцөл байдал дордсон байгаа талаар өнгөрсөн Ням гарагт НҮБ-ын хүүхдийн сангаас мэдээлжээ.
Өнгөрсөн Ням гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел "Мянга мянган хүүхэд шархадсан эсвэл сураггүй алга болсон байж магадгүй байна. Бид хүмүүнлэгийн шуурхай тусламжийг үзүүлэх санаачилга гаргаж байгаа боловч тэдний байршлыг тогтоож чадахгүй байна. Өмнө нь дэлхий түүхэнд өрнөж байсан дайн мөргөлдөөнд хүүхдийн нас баралт ийм өндөр тоон үзүүлэлтэд хүрч байгаагүй:” хэмээн хэлсэн байна.
Үүнээс гадна Газын зурваст хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэж хүүхдүүд хоол тэжээлийн дутагдал, үүнээс улбаатай цус багадалт зэргийн улмаас амь эрсдэж байгааг тэрбээр бас уламжилсан байна.
Газын зурвас дахь хүүхдийн эмнэлэг ачаалал нь туйлдаа хүрч, өвчтөн хүлээж авах боломжгүй болоод байна. Харин эмнэлгийн өрөө тасалгаа чимээ аниргүй байгаа нь хоол тэжээлийн дутагдлын улмаас хүүхдүүд уйлах ч тэнхэлгүй болсныг илтгэж байна гэж Кэтрин Рассел хэлжээ.
НҮБ-ын хүүхдийн сангаас Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралд Израилын эрх баригчид, Засгийн газрын буруутгаж байна. Учир нь Израилын арми оршин суугчдыг өлсгөлөнд нэрвэгдүүлэх, туйлдуулах тактик ашиглаж, хүнсний хангамжийн цувааг Анклавын хойг руу нэвтрүүлэхэд саад тотгор учруулж байгааг дурдсан байна.
Израилын армийн дайралт, байлдааны ажиллагааны дараа Хамас зэвсэгт байгууллагын засагладаг Газын зурвасын нийт 2,3 сая оршин суугчийн 95 орчим хувь нь нүүн шилжиж, өлсгөлөнгийн аюулд өртөж, хамгийн ноцтой нь 31 мянга орчим хүн амиа алдаад байна.
Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Хамас зэвсэгт байгууллага Израил руу дайрч, 1200 орчим хүний аминд хүрч, олон зуун хүнийг барьцаалсны дараа бүс нутгийг хамарсан зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.