Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна

Монгол цэргийн баярыг бид эрчүүдийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн тул энэ өдөр манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудалд голчлон анхаарал хандуулдаг. Энэ өдрийг угтан Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тус чуулганы үеэр эрчүүдийн эрүүл мэндийн болоод сэтгэцийн асуудалтай холбоотой хэд хэдэн тоо баримтыг шинэчлэн танилцуулсан байна.

  • Дэлхийн дахинд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ойртож байгаа бол манай улсад эсрэгээрээ улам холдсоор байгааг судалгааны тоо баримтад харуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол эрчүүдийн дундаж нас 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийн наслалтаас 10 шахам жилээр бага байна.
  • Мөн эрчүүд эрүүл мэнддээ хамгийн бага анхаарал хандуулдаг талаар мэргэжилтнүүд шүүмжилж байна. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ердөө 30 хувь нь эрчүүд байна. Мөн нийт эрчүүдийн 80 орчим хувь нь өвчнөө хүндэрсний дараагаар эмнэлгийн байгууллагад ханддаг байна.
  • Ийнхүү эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах болон бэлгийн замын өвчин тэргүүлэх өвчлөл болдог байна. Зөвхөн элэгний хорт хавдрын тохиолдол гэхэд л эрчүүдийн дунд жилдээ 1000 орчим бүртгэгддэг байна.
  • Тэгвэл эрчүүдийн 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас бардаг ажээ. Үүнээс хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай нь эрчүүдийн амиа хорлолт юм. Манай улсад бүртгэгдсэн амиа хорлосон иргэдийн 82 хувь нь эрчүүд байна. Тиймээс эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нухацтай хандах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Манай улсын нийт хүн амын 49 хувийг бүрдүүлдэг эрэгтэйчүүд шийдвэр гаргалтын түвшинд томоохон байр суурь эзэлдэг ч эрүүл мэнд, сэтгэц, сэтгэл зүйн асуудлаар хамгийн муу байр суурьт эрэмбэлэгдэж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалж, хорт зуршилд уруу татагдах нь эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байдаг байна. Энэ нь зөвхөн эрэгтэйчүүдийн асуудал мэт боловч цаашлаад нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл байдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганд эрчүүдэд тулгамдсан олон асуудлыг хөнджээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч эрчүүд нийгмийн голлох байр суурь гэдгийг онцолж, эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Тус чуулганаар эрэгтэйчүүдийн дунд давамгайлах өвчлөлийн тоо баримтыг танилцуулж, голлох суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээ гэж тодорхойлсон байна. Тухайлбал, судалгаагаар 2 эрэгтэй тутмын нэг нь архи, тамхи хэрэглэдэг. Үүнээс 29 хувь согтууруулах ундааг сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Тэгвэл эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын суурь шатнаас нь анхаарах шаардлагатай гэж үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Мөн нийгмийн хамгааллын үйлчилгээний дийлэнх нь эмэгтэйчүүдэд хандсан байдаг бол сүүлийн 2 жилийн хугацаанд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээллээ.

Тус чуулганаас эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, нийгмийн оролцоо болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хэд хэдэн зөвлөмжийг гаргахаар болжээ. Тухайн зөвлөмжийг парламент, засгийн газар, холбогдох яам төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлж үүрэг, чиглэл өгөх юм байна.