Улаанбаатар хот айл өрхүүдийн хогийг хог хаягдал хүлээн авах 3 цэгт аваачин хаядаг. Тэдгээр цэгүүдэд өдөрт дунджаар 3000-4000 тонн хог хаягдал төвлөрдөг байна. Тэгвэл хог хаягдлыг ангилан хүлээн авч, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг энэ ондоо багтаан барьж байгуулахаар судалж байгаа юм байна. Тиймээс иргэд хогоо ялган хаях дадлыг суулгаж, хотод хогийн савыг олноор нь байршуулах хэрэгтэй байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.
Өнөөдөр дэлхийн хог хаягдлыг дахин боловсруулах өдөр болж байна. Манай улсад жилдээ 3.5 сая тонн хог хаягдал үүсдэг гэх дүн мэдээ бий. Үүний 50 орчим хувь нь Улаанбаатар хотоос гардаг байна. Харин нийт хогийн 20 орчим хувийг л дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн 80 гаруй хувийг шороонд булж хаядаг гэсэн үг. Хог хаягдлыг 2020 оноос эхлэн хөрсөөр хучиж даран, талбайг нь нөхөн сэргээж эхэлсэн юм. Тэгвэл энэ технологийг халж, хогийг шатаан эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулахаар судлагдаж байна.
Ийнхүү хогийг шатааж эрчим хүч гарган авах боломжтой гэж тооцжээ. Хэрэв тус үйлдвэр баригдвал юун түрүүнд иргэд хогоо ялган хаях дадлыг хэвшүүлэх хэрэгтэй болно. Үүний тулд өнгөөр ялгасан хогийн савыг олноор байршуулах хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна.
Манай улс нэг үеэ бодвол хогийг ялган хаях, боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах талаарх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн онд гэхэд л хогийн цэгт цугларсан нийт хог хаягдлын 30 орчим хувийг БНХАУ, Казакстан зэрэг улс руу экспортолсон байна.
Манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах 70 гаруй ААН, байгууллага байдаг байна. Тэгвэл хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх талаарх саналыг холбогдох байгууллагуудаас нь хүргүүлжээ.