Энэ онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 50.000 тонн зэсийн баяжмалыг биржээр арилжина

Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах шийдвэр гараад байгаа. Энэ шийдвэрийн хүрээнд эхний ээлжид "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр арилжаалах төлөвлөөгөөтэй байна. Өнгөрсөн жил нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалахад олон эерэг үр дүн гарч байсан юм. Ингэснээр төсвийн орлогыг ч ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.

2023 оны 1-р сараас эхлэн нүүрсний арилжааг биржээр дамжуулан худалдаалж эхэлсэн. Ингэснээр нүүрсний арилжааг хэдий хугацаанд, ямар компани, хэдэн тонноор нь авч байгааг олон нийт нээлттэй хүлээн авах боломжтой болсон юм. Үр дүнд нь нүүрсний хулгайн хэрэг бүр мөсөн алга болж авлигал, хээл хахууль буурна гэж тооцож байсан юм.

Уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлснээс хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар 14 сая.тн нүүрс, 604 мян.тн төмрийн баяжмалыг тус тус арилжиж ихээхэн хэмжээний орлого олсон юм. Тэгвэл энэ удаад зэсийг биржээр арилжаалахаар болсон юм. Дуудах доод үнийг одоогийн журмаар худалдагч тал буюу "Эрдэнэт үйлдвэр"-ээс тогтоох зохицуулалттай байна.

Зэсийн эрэлт хэрэгцээ дэлхий нийтэд улам бүр өсөж байгаа. Тэгвэл манай улс нь 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй байгаа юм. Одоогоор Цагаан суварга бусад орд газруудыг нээж илрүүлсэн ба энэ хэрээр зэсийн экспорт ч нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч эрдэс баялгийн орд газрын хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

Манай улс өнгөрсөн онд 1.5 сая тн зэсийн баяжмалыг экспортод гаргажээ. Худалдан авагч талуудын зүгээс зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг авахад тээвэрлэлтийн асуудал үүсдэгийг хэлж байсан юм. Хэлсэн хугацаандаа тухайн бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэхгүй байх тохиолдол гардаг байна.

АНУ Геологийн албанаас гаргасан мэдээллээр дэлхийн хэмжээнд нийт 1 тэрбум гаруй тонн зэсийн нөөц бүртгэгдээд байгаа ба Монгол улс зэсийн нөөцөөр дээгүүрт тооцогдох Чили, Перу, Австрали, ОХУ, Конго зэрэг улс орнуудын дараа эхний 10т багтаж байгаа юм.