Украины хууль тогтоогчид байнгын армийнхаа алба хаагчдын тоо хэмжээг хоёр дахин буюу 500 мянгаар өсгөн нэмэгдүүлэх хуулийн төслийг идэвхтэй хэлэлцэж байна
Украины эрх баригчид байлдааны талбарт бус Парламентын танхимдаа тулаан өрнүүлж байна. Учир нь тэд улс орныхоо хувь заяаг өөрчлөх эсвэл бүрмөсөн үгүй хийж болзошгүй хуулийн төсөл буюу байнгын зэвсэгт хүчнийхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, цэргийн дайчилгаа явуулах төлөвлөгөөг хэлэлцэж байна.

Украины хууль тогтоогчид байнгын армийнхаа алба хаагчдын тоо хэмжээг хоёр дахин буюу 500 мянгаар өсгөн нэмэгдүүлэх хуулийн төслийг идэвхтэй хэлэлцэж байна. Харин шинжээчид хэрэв Украины хууль тогтоогчид маргаан дагуулсан хуулийн төслийг баталж чадах аваас ОХУ-ын Зэвсэгт хүчинд алдсан газар нутгийнхаа тал хувийг чөлөөлж, Москваг бодитоор энхийн яриа хэлэлцээнд оруулахад хүргэж болзошгүй гэж таамаглаж байна.

Одоогийн нөхцөл байдалд Украины арми дайны фронтод давуу талаа алдаад байгаа юм. Иймд Украины Засгийн газарт бараг сонголт үлдээгүй гэж шинжээчид үзэж байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сонгуульд ялалт байгуулсан учраас армийнхаа хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх магадлалтай байна. Кембрижийн Их Сургуулийн Геополитик судлаачид "В.Путин сонгуулийн дараа илүү олон тооны залуусыг цэрэгт дайчлахаар төлөвлөж байгаа” гэж тооцоолж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Саяхан В.Путин цэргийн насны залуусыг ажлын бус, тодорхой шалтгаангүйгээр  шалтгаанаар эх орноо орхин гарахыг хориглосон юм. Мөн дайныг эсэргүүцэгч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг оролдсон Борис Надеждины хүчин чармайлтыг үгүй хийж чадсан. Иймд В.Путин дайны талбарт олж авсан давуу талаа баталгаажуулахын тулд илүү тооны цэргийн насны залуусыг армид дайчлах төлөвтэй байна. Үүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын засгийн газрын Украин руу илгээх тусламж зогссон учраас 2024 онд ялалт байгуулна гэж дүгнэсэн байж магадгүй байна.

Украины Парламентын гишүүн, аюулгүй байдал, батлан хамгаалах, тагнуулын хороог ахалж байгаа Инна Совсун "Бидний хувьд хоёр жил там байлаа" хэмээн хэлсэн байна. Тэрээр ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш хоёр жил дайны фронтод тулалдаж байгаа цэрэг эрсийг албанаас нь чөлөөлж, гэрт хүргэх хэрэгтэй байгааг уламжилжээ. Гэхдээ нөхцөл байдал хүндэрсэн учраас дахин олон тооны залуусыг дайчлахаас өөр сонголт үлдээгүй гэдгийг хэлжээ.