Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалтыг нээж илтгэлээ танилцууллаа
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо олон улсын удирдагчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд “Хиймэл оюун ухаан ардчилалд аюул занал учруулах нь” сэдэв дор үргэлжилж байгаа  “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д оролцож байна. Тэгвэл өнгөрөгч Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалтыг нээж илтгэлээ танилцууллаа.

Өнгөрөгч Даваа гарагт гурав дахь удаагийн ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт БНСУ-ын нийслэл Сөүл хотноо нээлтээ хийлээ. Олон улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд хиймэл оюун ухааны учруулж болзошгүй эрсдэл, дижитал, цахим технологийн боловсруулсан хуурамч мэдээлэл ардчилалд заналхийлж байгаа явдлыг хэлэлцэж байна.

Дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа зарим албан тушаалтнууд Орос, Хятад хоёр улс нь дэлхий хэмжээнд худал суртал ухуулгын кампанит ажил явуулж байна гэж буруутгажээ. Мөн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан хуурамч мэдээ, ташаа мэдээлэл ардчиллыг ганхуулж байна хэмээн хэлсэн байна. Юн Сок Ёль Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр “Улс орнууд туршлага, мэргэн ухаанаа хуваалцах үүрэгтэй бөгөөд ингэснээрээ хиймэл оюун ухаан, шинэлэг технологийг ардчиллын сайн сайхны төлөө ашиглах боломжтой” гэдгийг онцолсон байна.

Мөн тэрээр "Хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан хуурамч мэдээ, худал мэдээлэл нь хувь хүний эрх чөлөө, хүний эрхийг зөрчөөд зогсохгүй ардчилсан тогтолцоонд заналхийлж байна" хэмээн тодорхой байр сууриа илэрхийлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен дээд хэмжээний уулзалтын үеэр, "Дарангуйлагчид ардчилал, хүний эрхийг доройтуулах технологийг ашиглаж байгаа тул бид ийм технологийг ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээг дэмжихэд ашиглах нь зүй ёсны хэрэг” гэдгийг хэлжээ. Мөн Энтони Блинкен 2024 бол их сонгуулийн жил бөгөөд энэ жил дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь сонгуульд ямар нэгэн байдлаар оролцохыг дурдаад кибер орон зайд хуурамч мэдээлэл, худал мэдээлэл тараах эрсдэлийг анхааруулсан байна.