Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан 24 иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобус худалдан авсан ч тухайн автобус нь засварт орсон, хууль зөрчсөн зэрэг хэд хэдэн зөрчлүүд нийтэд ил болж нийгмийг багагүй шуугиулаад байсан. Тэгвэл “Ногоон автобусны хэрэг” гэж нэрлэгдээд байгаа нийтийн тээврүүдийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн оролцоотойгоор төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар нийт 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь тогтоогдсон. Тус асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолоор худалдан авах үйл ажиллагаанд хянан шалгалт хийх түр хороог байгуулаад байгаа. Тэгвэл Хянан Шалгах Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдож, ногоон автобусны сонсголыг ирэх 4-р сард зохион байгуулахаар болжээ.

Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан нийслэлийн засаг даргын тамгын газар, худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох ногоон автобусны гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа. Тодруулбал, 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал үүсгэсэн нь тогтоогдсон юм. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын 13-р тогтоолоор нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хороог байгуулахаар болсон.  Хянан Шалгах Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллахаар боллоо. Тус хороо нь нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм.

УИХ-ын зарим гишүүдийн зүгээс ногоон автобусны худалдан авалтыг  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах шаардлагатай сануулж байсан юм.

Мөн гишүүдийн зүгээс ногоон автобус худалдан авсан төсвөөр гэр хорооллыг орон сууцжуулах, метро барих төслийг эхлүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг олон боломжууд алдагдсаныг онцолж байсан юм.