Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг 7-р сар гэхэд сольж дуусгана
Нийслэлийн шугам хоолойн насжилт, хүрэлцээ зэргээс шалтгаалж хэд хэдэн байршилд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгжүүд зэвтэй ус хэрэглэдэг. Зөвхөн Яармаг орчмын оршин суугчид гэхэд зэвтэй ус хэрэглээд 4 жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл энэ оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийг Яармаг орчмын усанд зэв үүсгэж байгаа гол шугам хоолойг солихоор болжээ. Усны шугам хоолойг солих ажлыг 5-р сараас эхэлж 7-р сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. 

Нийслэлд Яармаг орчим гэлтгүй Нисэхийн эцэс, Зайсан гээд зэвтэй, тостой, үнэртэй усны асуудал үүсээд байгаа. Оршин суугчдын зүгээс усны асуудлаас шалтгаалж эрүүл мэнд цаашлаад эдийн засгаараа ч хохирч байгаа юм. Тухайлбал, нэг сард 100.000 гаруй төгрөгийг ус, дулааны төлбөрт төлдөг ч ахин цэвэр ус гаднаас худалдан авдаг байна. Мөн зэвтэй уснаас үүдэн хувцас хэрэглэл өнгө орохгүй шарлах, хумс, үсэнд хүртэл өөрчлөлт үүсэж байгаа талаар оршин суугчид хэлж байсан юм.

Тэгвэл Яармаг орчмын хотхонуудаас яагаад зэвтэй ус гардаг талаар албаныхнаас тодруулсан юм. Ингэхэд 2014 онд Яармаг орчимд орон сууц барьж байсан компаниуд чанаргүй шугам хоолой тавьснаас үүдсэн гэсэн юм. Тодруулж хэлбэл, Яармаг орчмын чанарын шаардлага хангаагүй 5.2 км шугамаас бусад хотхонууд салаалуулж шугамаа татаж авснаар зэвтэй ус гарч байгаа юм байна. Тиймээс энэ хэсгийн шугам хоолойг солих ажлын төсөв мөнгө батлагдсан. Энэ 7-р сар гэхэд шугамыг сольж дуусах ба Яармаг орчмын иргэд цэвэр усаар хангадах боломжтой болно гэсэн юм.

Яармаг орчмын тус хоолойг сольсон ч байр, орон сууцнаас нь зэвтэй ус гарвал тухайн барилгыг барьсан компани мөн адил чанаргүй шугам хоолой тавьсан байна гэсэн үг гэдгийг албаныхан хэлж байсан юм. Тиймээс дараа дараагийн удаа чанаргүй шугам хоолойг тавьсан компаниудад хариуцлага тооцож солиулна гэсэн юм.

Зөвхөн Яармаг орчмын байр гэлтгүй нийслэлийн олон байршилд чанаргүй шугам хоолой тавьснаас үүдэж зэвтэй ус гарсаар байгаа. Тиймээс тухайн барилгыг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх хэрэгтэй. Нөгөө талаас чанаргүй шугам хоолой тавьж байгаа барилгын компаниуд ч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байна.