Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендер шалгаруулалт хаагдсан юм. Метроны зөвлөх үйлчилгээ тендерт 11 улсын 20 компани саналаа ирүүлжээ. Тодруулбал, Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол гэсэн 11 улсын компаниуд метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж санал ирүүлсэн байна. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарах юм. Улмаар тус баг Улаанбаатар хотын метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж хүлээлгэж өгнө гэсэн үг. Үүний дараа 2-р үе шат болох метрог барьж байгуулах үндсэн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлах юм байна.
Ийнхүү хотын захирагчийн зүгээс манай улсад баригдах гэж буй метроны төслийн талаар бусад улс орнууд ихээхэн сонирхож байгааг хэлсэн юм. Мөн метроны төслийг сонгууль угтсан суртал ухуулга гэх зэргээр улс төржихгүй байхыг хүссэн юм.
Олон улсын жишгээр бол метроны зөвлөх үйлчилгээг авахдаа чанар үнийн харьцаа 80:20 эсвэл 70:30 гэж ихэвчлэн шалгаруулдаг юм байна. Харин манай улсын хувьд метроны зөвлөх үйлчилгээг олон улсаас авахдаа ямар шалгуураар сонгохыг албаныхан шийдэх юм.
Улаанбаатар хотод баригдах гэж буй метрог улс болон орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх юм. Эхний ээлжид зөвлөх үйлчилгээ авах ба 54.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ерөнхийдөө 2024 оны хувьд метроны байршил, гидрогеологийн судалгаа гэх мэт суурь зардлуудад нийтдээ 333 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм.