2023 онд агаарын чанарын индекс хамгийн тааруу үзүүлэлттэй байсан улс орнуудыг танилцууллаа

Өнгөрөгч 2023 онд дэлхий дахинд агаарын чанарын индекс хамгийн тааруу үзүүлэлттэй байсан улсаар Пакистан улс тодорчээ. Тус улсад агаар дахь тоос, тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон стандарт үзүүлэлтээс 15 дахин их байсныг албаны тоо баримтад дурдсан байна.

Өнгөрсөн 2023 онд дэлхий дахинд агаарын чанарын индекс хамгийн тааруу, утаатай, бохирдолтой байсан улс орнуудаар Пакистан, Бангладеш, Энэтхэг тодорчээ. Тэр дундаа Пакистан улс сөрөг үзүүлэлтээр сүүл мушгисан төдийгүй тус улсын агаар дахь тоос тоосонцор хэвийн хэмжээнээс 15 дахин их байсан гэдгийг ДЭМБ-аас танилцуулсан тоо баримтад дурдсан байна. Мөн Бангладеш улсад өнгөрсөн 2023 онд хүний уушгинд ноцтой хор хөнөөлтэй агаарын жижиг тоосонцрын дундаж агууламж шоо метр тутамд 73 микрограмм байна гэж үзсэн бол Пакистан улсад 73.7 микрограмм хүрчээ. ДЭМБ-аас энэ үзүүлэлтийг 5 микрограмаас илүүгүй байх ёстой гэж үздэг байна.

Швейцарын IQ-air агаарын чанарын судалгааны байгууллагын мэргэжилтнүүд “Уур амьсгалын нөхцөл байдал, газар зүйн байршлаас шалтгаалан, Зүүн азийн бүс нутгийн оршин суугчид хортой агаар амьсгалж байгаа төдийгүй эдгээр бүс нутаг дахь агаарын бохирдол богино хугацаанд арилах боломжгүй болсон” хэмээн мэдэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр Зүүн азийн улс орнуудад аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж байгаа тул агаарт ялгарах утаа, тоос, тоосонцрын хэмжээ өсөн нэмэгдсэн. Мөн хүн амын нягтаршил, салхины тогтуун урсгал зэргээс шалтгаалан бохирдол нь бүс нутгийн хамгийн том асуудал, хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж байгаа хамгийн том хүчин зүйл болж байна.

Тухайлбал, Хятад улсын агаарын чанар таван жил дараалан эерэг өөрчлөлт харуулсныхаа дараа өнгөрсөн онд огцом буурч, агаарын бохирдол, тоос тоосонцрын хэмжээ 2022 оны тоон үзүүлэлтээс 6.5 хувиар өсөн нэмэгдсэн байна. Тэгвэл харин 2023 онд зөвхөн Австрали, Эстони, Финланд, Гренада, Исланд, Маврики, Шинэ Зеланд зэрэг цөөн улс орнуудын агаарын чанарын индекс ДЭМБ-ын стандартыг хангасан үзүүлэлттэй байна.