Финланд улс долоон жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ

НҮБ-аас 2024 оны “Дэлхийн аз жаргалын тайлан”-г олон нийтэд танилцууллаа. Тэгвэл Финланд улс долоон жил дараалан, мөн долоо дахь удаагаа дэлхийн хамгийн аз жаргалтай улс орноор тодорсон байна.

Уг тайланд дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө, нинжин сэтгэл, авлигын нөхцөл зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж жагсаадаг байна.

Тэгвэл уг жагсаалтыг Финланд улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлж байгаа бол Дани, Исланд улсууд удаах байрт эрэмбэлэгдсэн байна.

Тайланг боловсруулсан Оксфордын их сургуулийн судлаачид хүмүүсийн сайн сайхан байдалд нөлөөлдөг голлох хүчин зүйлүүд нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, баялгийн хуваарилалт, нийгмийн халамжийн нөхцөл байдал зэрэг зүйлс гэдэгт санал нэгджээ.

Уг тайланд дурдсанаар Норвег, Швед, Герман, Франц, Их британи, Испани зэрэг орнуудад ахмад настнууд нь залуучуудаасаа илүү аз жаргалтай байдаг бол харин Португал, Грек улсуудад нөхцөл байдал эсрэгээрээ байна.

Судалгаагаар дайны хөлд нэрвэгдсэн Афганистан, Ливан хоёр улс нь дэлхийн хамгийн аз жаргалгүй хоёр улс орон хэвээр үлдсэн байна.