4-р сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжүүд 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх 4-р сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэмжүүдийн хэмжээ болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 650 мянган төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна.

ЗГ-ын тогтоол хэрэгжсэнээр нийтдээ 499.2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэмж нэмэгдэх бөгөөд нийт нэмэгдэлд улсын төсвөөс 449.3 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Тухайлбал, тэтгэврийн дундаж хэмжээ 690 мянган төгрөг байгааг 780 мянга болгон нэмж байна. Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянга байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Үүнээс гадна тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тусгай хэрэгцээт иргэд, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг зайлшгүй нийгмийн анхаарал халамж шаардлагатай нийт 65.6 мянган иргэний тэтгэврийг мөн ирэх сарын 1-ээс эхлэн 50 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болсон байна.