Олон улсын тендер зарлахдаа бичиг, баримтыг стандартад нийцүүлж бэлтгэх ёстой

Авто замын ачаалал нь хэрээс хэтрээд байгаа нийслэл хот метротой болох эхний алхам буюу метроны зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендер зарлагдсаны дагуу ААН-үүд саналаа ирүүлж, хаагдаад байгаа. Гэвч тендерийн баримт бичгүүдээ илүү нарийн, ойлгомжтой болгох, олон улсын стандартад нийцсэн байдлаар бэлтгэх хэрэгтэйг тендерт санал ирүүлсэн компаниудын зүгээс хэлж байна.

Метроны зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерт саналаа ирүүлсэн Япон улсын компанийн зүгээс манай улсын тендер зарлагдсан системийн зарим хэсэг нь Монгол хэл дээрээ байх зэрэг асуудал үүссэн. Энэ нь гаднын компаниуд саналаа өгөхөд ихээхэн хүндрэл үүсгэсэн талаар хэлсэн юм.

Өмнө нь ихэвчлэн гаднын зээл тусламж, олон улс хоорондын гэрээгээр томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан юм. Тэгвэл анхны удаа манай улс өөрсдийн хөрөнгөөрөө томоохон төслийг эхлүүлэх гэж байгаа нь метро. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дагаж эхний элжинд гаднын улсаас метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн саналыг авахын тулд олон улсын нээлттэй тендерийг зарласан юм. Гэтэл энэхүү тендертэй холбоотойгоор асуудлууд гарсаар байгаа юм. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гэрээ байгуулахдаа төгрөгөөр хийх ёстой гэх заалт байгаа нь зөвхөн дотоодын байгууллагатай харилцах хууль мэт байгаа юм. Тиймээс цаашид гаднын компаниуд манай улсад баригдах томоохон төсөл хөтөлбөрүүдэд саналаа өгөх боломжтой байхуйц хуулийг шинэчлэх хэрэгтэй байгаа юм.

Тэгвэл олон улсын тендер зарлахдаа стандартад нийцсэн байдлаар бэлтгэх ёстойг мэргэжлийнхэн хэлж байна.

Холбогдох байгууллагын зүгээс метроны зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендер зарлахад өндөр хөгжилтэй улс орнууд санал ирүүлж, метроны төслийг гаднынхан ихээхэн сонирхож байгааг хэлж байсан юм. Мөн цаашид олон улсын чанартай тендерийг зарлахдаа анхаарах ёстой нэлээдгүй асуудал байгааг ч онцлон хэлж байсан юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох байгууллагуудад нь тендертэй холбоотойгоор саналыг хүргүүлжээ.

Метроны зөвлөх үйлчилгээний төсөвт эхний жил 54 тэрбум гаруй төгрөг зарцуулна гэж тооцож байгаа. Үүний дараа цаашид жил бүр тодорхой мөнгөн дүнг зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанид өгөх юм. Гэвч төгрөгөөр төлбөр тооцоо хийх хуулийн заалттай байгаа нь цаашид валютын ханшийн зөрүүнээс үүдэж эрсдэл дагуулах магадлалтай юм.