АНУ, Япон хоёр улсын эрх баригчид Зүүн Азийн бүс нутаг, Ази Номхон далайд Хятад улсын цэрэг армийн салбарын нөлөөлөл өсөн нэмэгдэж байгаа явдал нь түгшүүр төрүүлж байгаа тухай мэдэгдсээр байгаа. Тэгвэл Цагаан ордны тэргүүн Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар нийтлэг санаа зовнилын үүднээс Арлын улсад үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын Зэвсэг хүчний командлалын бүтцэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байна.
Жо Байден, Кишида Фүмио нар хоёр улсын хамтарсан цэргийн командлалын бүтцэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөгөө ирэх сард танилцуулах төлөвтэй байгааг “Financial Times” сонин Ням гарагт мэдээлжээ. Төлөвлөгөөний дагуу хоёр улсын зэвсэгт хүчин тогтмол цэргийн сургуулилалт явуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, зэр зэвсгийн нийлүүлэлтийг саадгүй явуулах ёстой юм байна.
Япон улс нь Өрнөдийн улсуудын, тэр дундаа АНУ-ын ойрын холбоотон төдийгүй Вашингтоны Хятад, Хойд Солонгос болон Азийн бусад аюулгүй байдлын асуудлаарх стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх гол түнш нь юм.
АНУ болон Азийн холбоотнууд хоорондын цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа. Тиймдээ ч Японы Засгийн газар холбоотны командлалыг өргөжүүлэх хүсэлтэй байгаа бол Вашинтоны зүгээс ч Токиогийн саналыг тууштай дэмжиж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Одоогоос жил гаруйн өмнө Япон улс Батлан хамгаалахын зардлаа хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж, 1000 км-ийн зайд байгаа хөлөг онгоц эсвэл хуурай газрын бай руу цохилт өгөх пуужин худалдаж авах эрэлд гарч байсан.
Тэгвэл БНХАУ ч Батлан хамгаалах салбартаа үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж, цэрэг армиа шинэчилж байгаа явдал нь Япон болон олон улсын хамтын нийгэмлэгийн "Ноцтой санаа зовоосон асуудал" гэж Өрнөдийнхөн үзэж байгаа юм.
Өнгөрсөн оны сүүлээр Япон улсын эрх баригчид Засгийн газрын төлөөлөгчөө Тайвань дахь Батлан хамгаалахын Дефакто Атташегаар томилсон нь БНХАУ-ын хууль тогтоогчдыг бухимдуулж, улмаар Бээжин, Токиогийн харилцаа хурцдан, худалдааны хэд хэдэн хоригийг бие биеийнхээ эсрэг тавиад байгаа юм.