В.Путин Москва хотын ойролцоох концертын танхимд болсон халдлагын захиалагчийг олж шийтгэхээ амлажээ
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Москва хотын ойролцоох концертын танхимд террорист халдлага гарсны уршгаар одоогийн байдлаар 130 гаруй хүн амиа алдаад байгаа юм. ОХУ-ын хууль сахиулагчид халдлага үйлдсэн байж болзошгүй нийт 11 сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдний дөрөв нь хэргийг гардан гүйцэтгэсэн талаар Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэрхүү халдлагын ард байгаа хүмүүс, хэргийн захиалагчдыг илрүүлж, шийтгэхээ амласан байна.

Өнгөрсөн Баасан гарагт болсон халдлагын хариуцлагыг Исламын улс зэвсэгт бүлэглэл хүлээсэн боловч ОХУ-ын хууль тогтоогчид тус халдлагын зохион байгуулалтад Украины талын оролцоо байж магадгүйг илтгэх мэдээлэл, харилцаа холбооны шугамыг илрүүлснээ мэдэгдсэн байна. Харин Украины Засгийн газар, албаны хүмүүс халдлагад оролцсон хэмээх таамаглалыг эрс үгүйсгэж, Исламын улс бүлэглэлтэй огт харилцаа холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Москва хотын захиргаанаас мэдээлснээр террорист халдлага үйлдэгдсэнээс хойш 24 цагийн дотор концертын танхим болон барилгын нуранги доороос 133 хүний цогцсыг гаргаж, эмч нар 100 гаруй хүний амийг аврахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилж байна.

Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин концертын танхимд зэвсэгт халдлага үйлдэхийн зэрэгцээ олон нийтийн байгууламжийн тодорхой хэсэгт тэсрэх бөмбөг дэлбэлж олон зуун энгийн номхон иргэний амь насанд халдсан 11 этгээдийг баривчилсныг мэдэгдлээ. Мөн тэрээр сэжигтнүүд нуугдах гэж оролдсон төдийгүй Украины хилийн зүг шуурхай хөдөлж, урьдчилсан мэдээллээр аюулгүй хил нэвтрэх төлөвлөгөөг сайтар боловсруулсан гэдгийг мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын аюулаас хамгаалах албанаас зэвсэгт этгээдүүд Украины талтай харилцаа холбоотой байсан бөгөөд хилийн зурвасыг нэвтрэх үедээ баригдсан гэж мэдэгдлээ. Гэхдээ В.Путин болон тус улсын аюулаас хамгаалах алба аль аль нь Исламын улс болон Украины харилцаа холбоотой байсныг нотлох баримтыг танилцуулаагүй байна.

Нөгөөтээгүүр 2015 онд Сирийн иргэний дайнд исламын улс бүлэглэлийн эсрэг оху-ын Засгийн газар, зэвсэгт хүчин хөндлөнгөөс оролцсон тул тэдний дунд шийдвэрлэгдээгүй олон асуудал, үл ойлголцол байгаа гэж шинжээчид үзэж байна.

Ням гарагт В.Путин "Энэ хэргийг үйлдэгчид, зохион байгуулагчид болон захиалагч нар бүгд шударгаар, гарцаагүй шийтгэгдэх болно. Тэд хэн ч байсан, хэн ч тэднийг удирдаж байгаа нь хамаагүй" хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр "Бид алан хядагчдын ард зогсож байгаа, энэ харгислал, Оросын эсрэг энэ цохилт өгсөн, манай ард түмний эсрэг террорист халдлагад бэлтгэсэн бүх хүнийг илрүүлж, шийтгэх болно" гэдгээ цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногт халдлага үйлдэгдэхээс өмнө Москва дахь АНУ, Франц тэргүүтэй улс орнуудын Элчин сайдын яамдууд болзошгүй террорист үйлдэлд бэлтгэлтэй байж, онцын шаардлагагүй бол ОХУ-ыг орхин гарахыг тус улсад оршин суух өөрийн улсын иргэддээ анхааруулсан байна. Харин Кремлийн зүгээс халдлагын талаар тагнуулын мэдээлэл хуваалцаагүй Өрнөдийн улс орнуудыг эрс зэмлэн буруутгажээ.