Өнгөрсөн долоо хоногт Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдар туссан гэдгээ албан ёсоор зарлаж буй дүрс бичлэгийг цахим хуудастаа нийтэлсэн юм. Өнгөрсөн 1-р сард тэрээр хэвлийн хөндийн мэс засал хийлгэсэн бөгөөд мэс заслын дараах шинжилгээгээр "Хорт хавдар туссан" гэдгээ мэдсэн байна.
Тэгвэл Кэйт Миддлтоны хорт хавдар эхний шатандаа оношлогдсон төдийгүй хэдийн химийн эмчилгээ хийлгэж эхэлснийг Букингемийн ордны мэдэгдэлд дурдсан байна.
Мөн түүний нөхөр хунтайж Уильям эрүүл мэндийн олон асуудалтай нүүр тулсан ч бууж өгөлгүй тэмцэж байгаа эхнэрээрээ бахархаж байгаагаас гадна бүхнийг хамтдаа даван гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлд уламжилсан байна.
Тэгвэл Уэльсийн гүнж “Миний бие, эрүүл мэнд хэвийн байгаа. Намайг анагааж, эдгээхэд тус болох бүхий л зүйлд анхаарлаа хандуулснаар өдрөөс өдөрт нөхцөл байдал сайжирч байна. Хорт хавдрыг даван гарахын тулд цаг хугацаа, хувийн орон зай, нууцлал хэрэгтэй байгаа” хэмээн хэлжээ. Гэхдээ тэрээр өвчнийхөө түүх, хорт хавдрынхаа талаар нарийн ширийн мэдээллийг огт үг цухуйлгаагүй байна.
Түүнийг хорт хавдраар өвдсөн гэдгээ албан ёсоор зарласны дараа сая сая хүмүүс Кэйт Миддлтоны эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлж, Букингемийн ордон руу цахим зурвас, ил захидал илгээсээр байна.