“Кандидат” улс төрийн реалити нэвтгүүлгийн бүртгэл эхэллээ

Монгол ТВ телевизийн ерөнхий редактор, "Кандидат" улс төрийн нэврүүлгийн хөтлөгч Э.Лхагва "Terminal_1.0" нэвтрүүлгээр Нийгмийн бодит төлөөлөл болж чадах, улс төрийн цоо шинэ дүр төрх тодруулах "Кандидат" реалити нэвтрүүлгийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

-“Монгол ТВ” телевизийн ерөнхий редактораар буцаад ажиллаж эхэлж байна. Хэвлэл мэдээлэл тэр дундаа Сэтгүүл зүйн салбартаа эргэн ирэх сэтгэгдэл ямар байна?

-Би уг нь жоохон амарч байгаад ажилдаа оръё гэж бодсон. Гэхдээ мэдээж хэрэг хэвлэл мэдээллийн салбар бол маш хурдтай нийгмийнхээ зүрхэнд нь байдаг салбар. Мөн миний ажил мэргэжлийн карьераа эхэлсэн салбар учраас коммуникэйшн бизнес эрдэс баялгийн салбарт 5 жил ажиллаад эргээд сэтгүүлчээрээ ажиллах болсондоо их баяртай байна. Сэтгүүл зүй бол миний хамгийн их таашаал авдаг ажлуудын маань нэг.

-Таны хувьд яг энэ салбартаа удаан ажилласан туршлагатай бас Хонг Конгийн Их сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг юм хамгаалсан. Таны хувьд энэ салбарт удаан ажилласан мөн мэргэжлээр нь суралцаад төгссөн хүний хувьд Монголын хэвлэл мэдээллийн салбарыг юу гэж харж байна вэ?

-Манай хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөө ямар нөхцөл байдалд байна вэ? гэдгийг олон судлаачид болон олон улсын индексүүдээр дүгнэдэг. Мөн залуучууд бид нарт ч гэсэн өөрсдийн гэсэн мэдрэмж байдаг. Хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан иргэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж чадаж байна уу? Улс төрийн процесст оролцож байна уу? гэдэг дээр.

-“Ковид-19”-ийн жилүүдэд манай хэвлэлийн эрх чөлөөний индекс маш их унасан. Өнгөрсөн жилийн хугацаанд “Олон улсын хил хязгааргүй сэтгүүлчид” индексээр бол 2 байр ахисан харагдаж байгаа юм. Гэвч санаа зовох дүр зургууд байгааг харж байна. Иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө хууль хүчний байгууллагууд шалгах, сэтгүүлчийг хорьж саатуулах зэрэг эдгээр процессууд нь манай ардчиллын нөхцөл байдал ямар байгааг л харуулж байгаа юм.

-Хийх ажил их байна. Нийгмийн хэлэлцүүлгүүд их явах ёстой. Тэр дундаа сонгуулийн жил бол иргэд, олон нийт, уншигч, үзэгчдийн санаа зовж, хамгийн хэрсүү байх ёстой жил байдаг. Яагаад гэвэл сонгуулийн жил болгон дотоодын болон гадаадын улс төрийн тоглогчид өөрсдийнхөө өрсөлдөгч нарыг муухай харагдуулах, хуурамч мэдээлэл санаатай болон санаандгүй байдлаар цахим орчинд түгээх тохиолдол цөөнгүй гардаг. Яг энэ үед “fact check”-үүд буюу мэдээлэл нягталдаг хүмүүс, иргэдийн итгэдэг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийгмийн баримжаа авах боломжтой. Энэ жил бол маш чухал жил. Сонгуультай жил болгон тухайн улсын ардчиллын хэвлэлийн эрх чөлөө давхар шалгагдаж байдаг.

-Хэсэг хугацаанд салбараасаа завсарласан. Тэр хугацаанд түрүүний хэлж байгаа шиг маш олон зүйлүүд боллоо. Бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллага мэдэгдэл гаргадаг, сэтгүүлчдийг хорьж цагдах, шалгах ажлууд ч нилээдгүй гарч байгаа. Ийм нөхцөлд салбар дотроо бус гаднаас нь харахад танд хэр санагдав?

-Хэдийгээр гаднаас нь харж байсан ч бизнесийн байгууллагад коммуникэйшний ажил хийх үед мэдээллийн зах зээл дээр ажилладаг хүмүүстэйгээ байнгын хамтын ажиллагаатай байсан. Мэдээж салбараасаа гарчихсан байж байнга шүүмжлээд байж болохгүй. Мэргэжлийн ёс зүй гэж байна шүү дээ. Би бол Монголын хэвлэл мэдээлэлд 2, 3 том зах зээлд жигдрэх зүйлүүд хэрэгцээтэй гэж хардаг. Тэр дунд мэдээж сэтгүүлчид Үйлдвэрчний эвлэлтэй болох хэрэгтэй байх. Хэвлэл мэдээллийн байгууллага олон тоогоор байх шаардлагагүй байх. Хоорондоо нийлэх, илүү бизнесийн зарчимдаа шилжих, мөн бид хэрэглэгчдээ дагаж хөгжиж явахгүй бол англиар релевент буюу бид сонирхолгүй болно. Хэвлэл нийгмийн урд нь түүчээлэх ёстой. Соён гэгээрүүлэх мэдээлэх үүрэгтэй болохоор дандаа урд нь л явах ёстой гэж бодож байна.

-“Монгол ТВ” телевизийн шинээр зохион байгуулагдах гэж байгаа “Кандидат” реалити шоу нэвтрүүлгийн талаар мэдээлэл өгвөл?

-Өчигдрөөс эхлэн “Монгол ТВ” телевизийн эфирээр зарлагдаж эхэлсэн. “Кандидат” улс төрийн нэвтрүүлгийг бид бүхэн 2024 онд эхний улирлыг зохион байгуулахаар медиа төсөл эхлүүлж байна. 2024 онд дэлхий даяар хамгийн олон Ардчилсан сонгууль болох гэж байна. Мөн манай улсын хувь орон нутгийн болон ээлжит УИХ-ын сонгууль болно. Уг нэвтрүүлгийн гол зорилго бол залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх. Нийгэм судлаачид социологичдын судалгаагаар ямар нэр дэвшигч хүсэж байна вэ? гэсэн асуултад Монголчууд шинэ, залуу, нэр цэвэр гэсэн гурван тодорхойлолтыг хэлдэг. Улс төрийн намууд энэ жилийн сонгуульд пропорциональ болон мажоритар системээр сонгуульд өрсөлдөх учир залуучуудыг, хүйс зөрүүлж өөрсдөө жагсаалтдаа оруулах боломжтой. Тиймээс бид бүхэн шинэ залуу улс төрийн дүр төрхийг тодорхойлж, нийгмийг төлөөлж чадах залуучуудыг олж илрүүлэхийг зорьж байна.

-Уг нэвтрүүлэгт оролцох шинэ залуу хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулах вэ?

Нэвтрүүлгийн хувьд кастинг зохион байгуулна. Кастинг гэдэг нь олон нийтэд нээлттэй зарлаж, сонирхож байгаа хүмүүс оролцох боломжтой. Мэдээж улс төрийн оролцоог дэмждэг иргэний нийгмийн байгууллага, залуучуудын нэгдэл сүлжээ болон намуудад санал тавьж байгаа. Гол нь “Өөрийгөө улс төрд хардаг, нийгэм болон улс төрийн процесст оролцох сонирхолтой, гэхдээ тэрхүү алхмаа хийж чадаагүй байгаа, энэ жил биш юмаа гэхэд ирэх жилүүдэд салбарын бодлогыг тодорхойлно, би олон нийтийг төлөөлнө, миний амьдарч байгаа хүрээлэн буй орчин, нийгэмд сайжруулах зүйл байна. Би өөрчилж чадна” хэмээн хардаг залуу хүн бүрд нээлттэй. Мөн 18 наснаас дээш, Монгол улсын иргэн, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бүх залуучуудыг нээлттэй бүртгэж байна.  

-Нэвтгүүлэгт оролцож байгаа оролцогчид маань хэдий хугацаанд оролцох, мөн нэвтрүүлэг хэдий  хугацаанд үргэлжлэх вэ? Энэ нэвтрүүлэгт орсноор тухайн хүн өөрийнхөө хувьд ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?

-Өчигдрөөс нэвтрүүлгийн мэдээлэл цацагдаж эхэлмэгц хүмүүс ихээр холбогдож байна. Эмч, уран бүтээлч, гадаадад сурч байгаа, улс төр судалдаг, улс төрөөр мэргэшсэн залуучууд асууж байна. Мөн эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс сонирхож байгаа. 4 сарын 10 хүртэл бид нэвтрүүлгийнхээ бүртгэлийг явуулна. Бас видео анкет хэлбэрээр бүтргэлээ авч байна. Нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс өөрийгөө танилцуулж, санаа зовж явдаг асуудлууд, мөн олон нийтийн төлөө ажилламаар байгаа гэсэн зорилгоо бидэнтэй тодорхой хуваалцвал сайн байна. Нэвтрүүлгийн оролцогчид 1 сарын турш өрсөлдөж, ялагч 500 сая төгрөгийн шагналын эзэн болно. Манай нэвтрүүлэг 4 сарын дундаас үзэгчдэд хүрч эхэлнэ.

-Нэвтрүүлгийн цаана байгаа бусдад өгье гэсэн мессеж, философи нь юу байгаа вэ?

-Бид бүхэн сонгууль болгоноор залуучуудын оролцоо бага байна. Миний хүссэн нэр дэвшигчид харагдахгүй байна, цагаан сонголт зэрэг янз бүрийн хөдөлгөөнүүдийг залуучууд өрнүүлдэг. Харин намууд дотроо үе солих, залуу боловсон хүчиндээ итгэн тэдгээрийг лидер болгон урагшаа гарч ирэх процесс нь нийгмийн хүлээлтдээ хүрэхгүй байх шиг харагдаад байгаа. Энэ жилийн хувьд Монгол улс бүсчилсэн хөгжлийг тодотгон, томсгосон тойрог дээр өрсөлдүүлэх гэж байна. Олон хүнээс сонгогдохын тулд тухайн нэр дэвшигч танигдалт өндөр байх ёстой. Тэгэхээр таны хэлсэн улс төрд шинээр орж ирж байгаа залуучууд яаж танигдах вэ? Өмнө нь танигдчихсан хүмүүст давуу тал үүсээд байгаа биз. Тэгэхээр үүнийг олон ардчилал судлаачид шүүмжилдэг. Зарим залуу улс төрчид ч гэсэн энэ бол шударга биш байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ орон зайг “Кандидат” нэвтрүүлэг хааж энд дэмжлэг болж болох болов уу гэдэг л итгэл найдвар байгаа.

-Нэвтрүүлэг маань сонгууль болохоос өмнө гарах нь байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр тулгуурлаж сонгогчдын боловсрол дээшлэх байх гэж миний хувьд харж байна хоёрдугаарт сонгуульд яг одоо нэр дэвшиж байгаа хүмүүс оролцох боломжтой юу?

-Сонгуульд яг одоо нэр дэвшиж байгаа хүмүүс оролцох боломжтой. Яагаад гэвэл сонгуулийн сурталчилгаанаас өмнө нэвтрүүлгийн маань сүүлийн дугаар гарна. Сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 20-оос эхэлж байгаа. Энэ жил УИХ-ын сонгуульд дэвших мөн орон нутгийн сонгуульд бэлдэж, өөрийгөө сойж байгаа залуучууд, мэргэжилтнүүд нийгмийн бүх төлөөлөл оролцох боломжтой гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь парламент болон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар, хууль хийж байгаа бүх хүмүүс бид нарын төлөөлөл байх ёстой. Тэгэхээр тэр дунд эмч, инжене, малчин байх ёстой. Яагаад гэвэл парламент бол жижиг ард түмэн. Энд төлөөлөл сайн хангагдаж байж бид бүхэн тэнд төлөөлөлтэй юм байна гэдэг ардчиллын мэдрэмжээ авах нь чухал байдаг. Тэгэхгүй бүгдээрээ хууль, сэтгүүл, эдийн засагч байвал яг зөв бодлого гарах уу гэдэг бас парламентын ардчилалд эргэлзээтэй. Төлөөлөл гэдэг бол манай нэвтрүүлгийн үнэт зүйл. Төлөөлөл оролцоо байх болно гэдгийг хэлмээр байна. Энэ жилийн сонгууль бол тоглоомын дүрэм тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа. Үүнийгээ дагаад олон асуултууд гарч ирж байна. Саналын хуудсан дээр 27 улс төрийн нам, хүчний нэр байна. 27 өөр төлөөллөөс гэсэн үг. Сонгогчид зарим тойрог дээр 10 хүн зарим тойрог дээр 5 хүн сонгоно. Тэгэхээр СЕХ болон бусад байгууллагуудтай хамтарч нэвтрүүлгээрээ дамжуулан олон нийтэд сонгогчийн боловсролыг өгөх юм. Мөн ардчилсан процесс болсон улс төрийн сонгуульдаа оролцохыг уриалах гэх мэт зорилгууд байгаа.

-Тэгээд миний харж байгаа гол өнцөг нь тэгш байдлыг хангаж байгаа буюу бүгд нэг гараанаас эхэлбэл хэн ямар өнцгөөр яаж ярьдаг вэ? гэдэг өнцгийг сайн харуулах байх гэж бодож байна. Эдийн засагч нь улс төрчдөө сайн үнэлдэггүй, улс төрчид нь бусдыгаа сайн үнэлдэггүй, шинжлэх ухаан эдийн засаг, нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан, улс төр гэдэг тусдаа асуудлууд. Улс төр хийнэ гэдэг бол тусдаа ойлголт гэдэг. Ийм өнцөг их явдаг. Тухайн асуудлын нийгэмд үзүүлж байгаа үнэт зүйл гэхээсээ илүү улс төрд ямар харагдах вэ? гэдэг улс төрийн нүүдлүүд амьдралыг тэр чигт нь өөрчилдөг шиг санагдсан. Олон төрлийн хүмүүс зэрэг зогсож, нэг түвшнээс өөрийнхөө өнцгийг харуулж чадна гэдэг нь тухайн хүний потенциалын асуудлууд. Монголчууд чинь нэг хүнд туйлшрах, даган итгэх олон харсан хүндээ итгэх итгэл нь нэмэгдэх асуудлууд байдаг. Нэвтрүүлэгт оролцож байгаа бүх оролцогчид тэгш эрхтэй, үзэж байгаа хүмүүст нь маш том соёл болоод яг ойлголтыг өгөх юм шиг санагдаж байна.

-Тэгэх байх гэж найдаж байна. Улс төрийн процессыг ил тодоор үзүүлэх, улс төрч гэдэг нь ямар ажил байдаг, ямар асуудлуудтай нүүр тулдаг, нийгмийн асуудлууд дээр яаж бодлого боловсруулах ёстой юм, ямар хувь хүний чадварууд нь илүү байх ёстой юм бэ? гэдгийг бид нэвтрүүлгээрээ үзүүлэхийг зорино.

-Нэвтрүүлгийн талаарх ерөнхий мэдээлэл зорилгын талаар ярилаа шүү дээ. Тэгвэл энэ нэвтрүүлэг дуусах үед та бүхэн яг ямар үр дүн гараасай гэж хүсэж, хүлээлттэй байгаа вэ?

-Нэвтрүүлэг дуусах үед олон нийтийн хамгийн өндөр итгэл, хүндлэл, дэмжлэгийг авсан ялагч түрүүлээсэй гэж зорьж байгаа. Мөн тэдгээр залуучууд цаашаа Монголын нийгэм улс төрд нөлөөлж, өөрсдийнхөө компанит ажлыг хийж, сонгогдоод амжилттай ажиллаасай гэдэг нь нэвтрүүлгийн урт хугацааны мөрөөдөл.

-Нэвтрүүлгийн эхний дугаар хэзээ цацагдах вэ?

-Нэвтрүүлгийн эхний дугаар 4 сарын дундуур цацагдана.  

-Нэвтрүүлэгт оролцогчид үзэл баримтлалууд дээр хуваагдах байх гэж бодож байна. Магадгүй партиз үүсэх байх тэр партизыг нь үүсгээд үзэл баримтлалуудын тулаан өрнөх үү?

-Үзэл баримтлалын хувьд тулаан гэхээсээ илүү барууны, зүүний, төвийн аялал үргэлжилнэ. Мэдээж хүний үзэл бодлыг зөв бурууг нь шүүж болохгүй. Улс төрийн үзэл баримтлал нь янз бүр хүмүүс орж ирэх байх. Тэр болгонд хүндэтгэлтэй хандана. Монголын нийт сонгогчдод олон төрлийн үзэл баримтлалтай байгаа шүү дээ. Тэгэхдээ үзэл баримтлал нь тогтоогүй хүмүүс ч орж ирэх байх. Тэр нь буруу биш. Нэвтрүүлэгт оролцоод үзэл баримтлал нь тогтож, хамт олонтой болж аль намд элсэх ёстойгоо ойлгоод гарах байх. Мөн нам бус лидер залуучууд ч орж ирж болно шүү дээ.  

-Сүүлийн ганцхан асуулт 10 хүн байлаа гэхэд 3 нийлээд нам болох, партиз болоод үзэл бодлоороо нэгдэхийг зөвшөөрөх үү?

-Болно.   

-Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж ярилцсанд. 

-Та бүхэнд бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа.

Ярилцлагыг бүтэн үзэх: 

“Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлэгт бүртгүүлэхийг хүсвэл https://www.mongoltv.mn/candidate цахим хуудсанд хандана уу.

Бүртгэл: 2024 оны 03 сарын 25-аас 4-р сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Та продакшны багтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 91118527, 91914103 дугаараар холбогдоорой.