Мягмар гаргийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын дүүжин гүүрийг цахилгааны гэмтэл гарч жолоодлогоо алдсан ачааны хөлөг онгоц мөргөсөн осол гарсан байна

Орон нутгийн цагаар өнгөрсөн Мягмар гаргийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын дүүжин гүүрийг цахилгааны гэмтэл гарч жолоодлогоо алдсан ачааны хөлөг онгоц мөргөсөн осол гарсан юм. Тэгвэл осол гарсны дараа гүүрэн дээр зорчиж явсан тээврийн хэрэгслүүд усанд унаснаас гадна тухайн үед гүүрэн байгууламж дээр ажиллаж байсан зургаан ажилчин сураггүй алга болоод байна.

Осол өргөн хүрээг хамрахаас хэдхэн хормын өмнө хөлөг онгоны ахмад хөлөгт нь техникийн саатал гарч жолоодлогогүй болсныг эргийн хамгаалалтын албанд мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан ослын уршгаар ноцтой хохирол амсаагүй гэж холбогдох албанаас мэдээлсэн боловч гүүрэн байгууламжийн тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт нөхөөс тавьж байсан 8 найман ажилчин усанд унасны хоёрыг нь аврагчид татан гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна.

Харин осол гарсны дараа ачааны хөлөг онгоцны тээвэрлэж явсан олон тооны чингэлэг ус руу унасан, мөн эвдэрч сүйдсэн гүүрэн байгууламжийн сэг зэм усанд хөвж байгаа зэрэг нь аврах ажиллагаанд саат тотгор учруулж байгаа тул эрлийн ажиллагааг түр хугацаанд зогсоох болсноо холбогдох албанаас мэдээлжээ. Харин сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн зургаан ажилчныг нас барсан гэж таамаглаж байгаагаа Балтимор хотын цагдаагийн газраас мэдээлжээ. АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас осол гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд сураггүй алга болсон ажилчид нуурын хүйтэн усанд, ийм урт хугацаанд амьд үлдэх магадлал тун бага гэдгийг уламжилсан байна.

Мэрилэнд мужийн цагдаагийн газраас 1977 онд ашиглалтад орсон стратегийн ач холбогдол бүхий Скотт Ки Бриж гүүрэн байгууламжийг Сингапурын далбаатай Дали нэртэй ачааны хөлөг онгоц шөнийн 01.30 минут орчимд мөргөсөн бөгөөд Патапско голыг дамнасан гүүрэн дээр ажиллаж байсан найман ажилчин осол гарахаас өмнө тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулга өгснөөр ноцтой хохирол учрахаас урьдчилан сэргийлснийг онцолжээ. Мөн АНУ-ын эрх баригчид тэдгээр ажилчдыг баатрууд гэж өргөмжилж, харин техникийн саатал гарсан онгоцыг хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгосон шинжээч, шалгагч нарт хариуцлага тооцоохоо мэдэгдлээ. ОУ-ын тогтсон хууль дүрмийн дагуу ачааны хөлөг онгоцыг зорчихоос өмнө мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, шинжээчид хяналт шалгалт явуулсны дараа усан замд зорчих зөвшөөрөл олгодог байна.