Тажикистаны аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр хэргийн дөрвөн сэжигтний гэр бүлийн гишүүдийг тус улсын нийслэл Душанбе хотод авчирсан байна

Өнгөрсөн Мягмар гарагт Оросын мөрдөн байцаагчид Тажикистан улсад газардаж, Москва орчмын концертын танхимд халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа дөрвөн сэжигтний ар гэрийнхнээс байцаалт авч эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.  Тажикистаны аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр хэргийн дөрвөн сэжигтний гэр бүлийн гишүүдийг тус улсын нийслэл Душанбе хотод авчирсан байна.

Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон мөрдөн байцаалтын үйл явцад биечлэн хяналт тавьж байгаа гэж эх сурвалжууд хэлсэн байна. Өнгөрсөн Даваа гарагт Тажикистаны ерөнхийлөгч Рахмон Москва хотын концертын танхимд болсон халдлагын талаар анх удаа ам нээж, тайлбар өгсөн юм. Тэрээр халдлагыг "Ичгүүртэй, аймшигтай үйл явдал" гэж тодорхойлоод өөрийн улсын иргэддээ хандаж хүүхдүүдээ террорист бүлэглэлийн нөлөөнд автах эрсдэлээс сэргийлэхийг уриалсан юм.

ОХУ-ын хуулийн байгууллага Тажик гаралтай дөрвөн эрэгтэйг терроризмын хэрэгт буруутгаж байгаа төдийгүй тэднийг цагдан хориод байгаа юм. Түүнчлэн зэвсэгт халдлагад хөндлөнгөөс туслалцаа үзүүлсэн гэгдэж байгаа Тажик гаралтай өөр гурван хүнийг хам хэрэгтнээр тооцож, баривчлаад байгаа юм.

“Исламын улс” бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээсэн гэдгээ мэдэгдсэн боловч ОХУ-ын Засгийн газар хэргийн захиалагч нь тэднийг биш гэж үзэж байгаа юм. Мөн өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины Засгийн газар террорист халдлагад хөндлөнгөөс оролцсон гэж ахин буруутгасан мэдэгдлийг хийсэн байна.

Тэгвэл энэ сарын эхээр Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Тажик залуучуудын тархийг угааж, гадаадын бүлэглэл, тагнуулын байгууллагуудын залилан мэхлэлтэд өртөмтгий болгох зорилготой исламын шашны радикал бүлэглэлүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж байжээ.

Концертын танхимд болсон халдлагын уршгаар ОХУ-д цагаачдын эсрэг үзэл санаа хүчийг авч, алагчлах үзэл хэрээс хэтэрснийг хүний эрхийн байгууллагаас мэдээлж байна.