Эмийн санч цаасан жор шаардахгүйгээр өвчтөний эмийн жорыг цахимаас авах боломжтой боллоо

Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зарим мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн “И-Монголиа” системд нэвтрүүлэхээр болсон байна. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжид эмийн жорыг цахимд оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр иргэд тус системд нэвтэрч эмийн жороо авах боломж бүрдэх юм. Тухайлбал эмч жороо И-Монголиа системд оруулснаар, эмийн санч цаасан жор шаардахгүйгээр цахим системийн дагуу иргэдэд үйлчлэх боломжтой болох юм.

Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор 20 гаруй сая эмчилгээ үйлчилгээг бүртгэдэг байна.улмаар эрүүл мэндийн үйлчилгээг цахим системд шилжүүлэх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд эхний ээлжид эмчийн жорыг цахимжуулах ажил хийгджээ.

Мөн цаашид уг системд шинээр 7 үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Тодруулбал дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэрэг мэдээллүүдийг цахимжуулахаар төлөвлөжээ.