Саяхан БНСУ-ын Засгийн газар ажил хаялт зарласан дадлагажигч эмч нартай хэлэлцээний ширээний ард сууж, мухардалд орсон асуудлыг шийдвэрлэх санал гаргаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль дадлагажигч эмч нарыг эргэн ажилдаа орохыг уриалж, 50 минутын илтгэл тавих үеэрээ анагаахын их сургуульд элсэгчдийн квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөөндөө буулт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дадлагажигч эмч нар ажил хаялтаас үүдэлтэйгээр ард иргэддээ төвөг учруулсанд ерөнхийлөгч Юн Сок Ёль уучлалт гуйсан ч дадлагажигч эмч нар хувийн ашиг сонирхлоо нийтийн эрүүл мэндийн эрх ашгаас дээгүүр тавьж байна гэж буруутгасан байна. Тэрээр “хэрэв дадлагажигч эмч нар илүү оновчтой, үндэслэлтэй шийдэл гаргавал бид хамтдаа асуудлыг хэлэлцэж болно. Хэрэв та бүхэн илүү сайн санал, үндэслэл гаргаж ирвэл төрийн бодлого ч сайнаар өөрчлөгдөж болно" хэмээн хэлсэн байна.
2025 оноос эхлэн анагаахын сургуульд элсэгчдийн тоо 3000 байгааг 5000 болгон нэмэгдүүлэх Засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэж тус улсын 13 мянга гаруй дадлагажигч эмчийн 90 гаруй хувь нь өнгөрсөн 2-р сарын 20-ноос эхлэн ажил хаялт зарлаад байгаа юм.
Өнгөрсөн 2022 оны байдлаар статистик тоон үзүүлэлтээр 52 сая хүн амтай Өмнөд Солонгосын 1000 иргэнд 2.6 эмч ногдож байгаа нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дунджаас хамаагүй доогуур байгаа үзүүлэлт юм.
Өмнөд Солонгосын үе үеийн Засгийн газар хүүхдийн болон яаралтай тусламжийн тасгууд дахь эмч нарын хомсдолыг арилгах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж оролдсон ч эрүүл мэндийн салбарын, тэр дундаа хувийн секторуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул байр сууриасаа буцахад хүрч байсан юм.
Тэгвэл дадлагажигч эмч нар Засгийн газар нь тэдгээрийн квотыг нэмэгдүүлснээр салбарын ажилтны хомсдолыг нөхөхгүй төдийгүй тусгайлан хүүхдийн болон түргэн тусламжийн эмч нарыг бэлтгэх, нөгөөтээгүүр цалин хангамж, ажлын нөхцөлийг сайжруулах ёстой гэж хариу мэдэгджээ.