Франц улсын эрх баригчид Батлан хамгаалахын нөөц дэх хуучин загварын хуягт машинууд болон дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон зуун пуужингаа Украин улс руу илгээхээ мэдэгджээ
Ням гарагт Франц улсын эрх баригчид Батлан хамгаалахын нөөц дэх хуучин загварын хуягт машинууд болон дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон зуун пуужингаа Украин улс руу илгээхээ мэдэгджээ. Францын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну “Украины зэвсэгт хүчний оросын түрэмгийллийн эсрэг хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхээр хуягт машин, мөн “Газар-Агаар” ангиллын пуужингуудыг удахгүй хүлээлгэн өгнө” хэмээн мэдэгдсэн байна.

Саяхан Украины ерөнхийлөгч Володимир Зеленський, Францын Төрийн тэргүүн Эммануэль Макрон нар хэлэлцээ хийж, зэр зэвсгийн тусламжийн асуудлыг хөнджээ. Хэлэлцээний үеэр Володимир Зеленський Францын Батлан хамгаалахын нөөцөд байгаа хуучин боловч хэвийн ажиллагаатай хуягт тээврийн хэрэгслийг багтаасан тусламжийн багц илгээх хүсэлтийг Эммануэль Макронд тавьсан гэдгийг Францын Батлан хамгаалахын сайд Лекорну уламжилсан байна.

Тэрээр  "Украины зэвсэгт хүчинд хуягт машинууд нэн шаардлагатай байгаа. Өргөн уудам газар нутгийг хамарсан дайны фронтыг богино хугацаанд туулахын тулд тэдэнд хуягт тээврийн хэрэгсэл шаардлагатай” хэмээн хэлжээ. Францын Батлан хамгаалахын салбарт 1970-аад оны сүүлээр анх ашиглаж эхэлсэн хуягт тээврийн хэрэгслийг  цаг хугацааны явцад олон үүрэгт шинэ загварын тээвэрлэгчээр сольж эхэлсэн  байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Зэвсэгт хүчинд хүлээлгэн өгсөн агаарын довтолгооноос хамгаалах Aster 30 системийн дагалдах пуужингуудаа энэ удаагийн тусламжийн багцдаа багтаахаар боллоо. Агаарын довтолгооноос хамгаалах Агаар-Газар ангиллын Aster 30 загварын систем нь байлдааны онгоц, нисгэгчгүй онгоц, далавчит пуужингуудыг 120 км-ийн агаарын орон зайд нэвтрэх үед амдуулан устгах хүчин чадалтай юм байна.

ОХУ-ын арми иргэний дэд бүтцийг онилон агаарын цохилт өгсөөр байгаа энэ үед Украины зэвсэгт хүчинд агаарын довтолгооноос хамгаалах систем болон дагалдах пуужингууд нэн чухал хэрэгцээтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Францын Засгийн газар, Батлан Хамгаалахын яам зэр зэвсэг үйлдвэрлэгч “MDBA” группэд захиалга хүргүүлж, үйлдвэрлэлээ эрчимжүүлэн, богино хугацаанд бүтээгдэхүүнийг, тэр дундаа пуужин нийлүүлэхийг уриалсан байна. Францын Засгийн газар Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хуситуудын дайралтаас худалдааны хөлөг онгоцнуудыг хамгаалахын тулд Улаан тэнгист Астер загварын агаарын довтолгооноос хамгаалах системийг ашиглаж байгаа юм.