Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хаврын ээлжит цэрэг татлагын тухай зарлигт гарын үсэг зурж, 150.000 иргэндээ зарлан дуудах илгээхээ мэдэгджээ

Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хаврын ээлжит цэрэг татлагын тухай зарлигт гарын үсэг зурж, 150.000 иргэндээ зарлан дуудах илгээхээ мэдэгджээ. Ингэснээр ОХУ-ын 18 насанд хүрсэн, бие болоод сэтгэцийн хувьд эрүүл эрчүүд нэг жилийн хугацаатай цэргийн алба хаах буюу дээд боловсрол эзэмшсэнтэй тэнцэх хэмжээний армийн сургалтад хамрагдах ёстой болж байна.

Өнгөрсөн оны 7-р сард ОХУ-ын Парламентын доод танхим эрчүүдийн цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байсныг 30 нас болгохыг дэмжсэн төдийгүй шинэ хууль 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. ОХУ-д залуус нэг жилийн хугацаатай цэргийн алба хаах, эсхүл их дээр сургуульд суралцах хугацаандаа дүйцүүлэх армийн бэлтгэлд хамрагдах сонголтыг хийдэг. Хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг дайн байлдааны ажиллагаанд шууд илгээх боломжгүй гэж ОХУ-ын эрх баригчид мэдээлээд байгаа юм. Гэвч бодит байдал дээр фронтод үүрэг гүйцэтгэж байгаа нийт цэргийн 20-30 орчим хувь нь хугацаат цэргийн алба хаагчид байгаа гэж армийн шинжээчид хэлж байгаа юм. Өнгөрсөн оны хавар ОХУ-ын Батлан Хамгаалах яам 150 мянган залуусыг хугацаат цэргийн албанд татаж байсан бол энэ жилийн хавар тоон үзүүлэлт 130 мянга болж буурсан байна.

Үүнээс гадна өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын хууль сахиулагчид Дагестаны Өмнөд бүс нутагт терроризмын эсрэг ажиллагаа явуулж, гурван хүнийг баривчилсан талаар холбогдох албанаас мэдээллээ. Өнгөрсөн сарын 22-ны өдөр Москва хотоос холгүй орших концертын танхимд зэвсэгт халдлага гарснаас хойш ОХУ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа юм. Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын аюулаас хамгаалах албаныхан хэд хэдэн террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан  гурван этгээдийг Дагестаны Махачкала хотод саатуулж, тэдний орогнож байсан газруудад нэгжлэг хийж, автомат зэвсэг, сум, ашиглахад бэлэн тэсрэх бөмбөг олсон тухайгаа мэдэгджээ. Энгийн иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд тусгай ажиллагааны үеэр гэмтэж бэртээгүй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөг Дмитрий Песков мэдээлсэн байна.